Ч.Лодойсамбуу: Бөөн алдагдал, авлига, хулгай. Юун ашиг, хөгжил дэвшил

С.Гандэлгэр
3 цаг 17 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ТӨҮГ болон ТӨХК-иудтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Төрийн өмчит үйлдвэрүүд ашиггүй, алдагдалтай ажиллалаа гээд л сайд нь оччихсон загнаж байхыг харлаа. Би лав ойлгосонгүй. Өөрөө өөрийгөө загнаад байгаа юм уу хаашаа юм. Авлига, алдагдал, дампуурал бол төрийн өмчид өгөгдсөн тавилан шүү дээ. Төр өмчилж авчихаад төрөө загнаад л, бүү мэд ээ. 

Ашиг нь та дарга нарынх шүү дээ. Баахан шахаа. Дарга нарын шахааны бизнесийн төв цэг нь ТӨҮГ, ТӨХК-ууд л байдаг шүү дээ. Тэр шахаанууд дундуур хэн яаж ашигтай ажиллах юм. Ямар ч захирал байгаад томилсон дарга нарынхаа орлогын үүсвэрийг хааж чадахгүй.

 Гол нь хүний юм бол хүний л юм. Тэр тусмаа нийтийн өмч бол эзэнгүй хоол. Төр ингээд ашигтай үйлдвэрлэл явуулж чадахгүй нь та бидний юу хүсэхээс үл хамаараад практикаар баталгаажсан онолтой, дэлхий дүүрэн түүхэн жишээнүүдтэй юм шүү дээ. Хүн өөрийнхөө компанид шахаа хийлээ гэж дуулсан уу? Өөрөө өөрөөсөө хулгай хийчихээд өөрийгөө хулгайч гээд чичлээд суудаг хүн байх уу? Хүн өөрийн юмаа арвижуулахыг, сайжруулахыг л хүснэ. Энэ жам ёсонд л чөлөөт зах зээлийн охь шим нь оршдог.

Төсвийн мөнгөөр алдагдал төлж суухаар наад хэдээ зүгээр хувьчлаад татвар хураамжаа аваад ашиг хийгээд сууж байя л даа. Хувийнхан ороод хөрөнгөө зараад хөгжүүлэх гээд явж байхад нь “Энэ чинь улсын юм!” гээд л баахан кино хийж хүмүүсийг уурлуулж байгаад булааж авсан үйлдвэрүүдээ одоо хар. Юун ашиг, хөгжил дэвшил.

 Бөөн алдагдал, авлига, хулгай. Улсын юм хэзээ ч улсын буюу ард түмнийх байгаагүй. Эрх баригчид ард түмний нэрээр хурааж аваад л хувааж цусладаг. Энийг л ойлгох гэж хэдүүлээ үнэндээ асар олон жил, цаг, боломжоо алдаж байна шүү дээ.

Даанч өнөөгийн эрх баригчдаас энэ үзэл хандлагыг нэхнэ гэдэг тэжээсэн бяруугаа янцгаасангүй гэж ташуурдахтай л ижил биз. Гэсэн ч юмс сайжрах чигтээ хэний ч бай хөлөөр дөхөж л байвал энэ улсад сайн юм хойно дуугүй байж боломгүй. Тэгэхээр шинэ Их хурал жаахан зоригтой, зүтгэлтэй байж болвол Засгийн газраа зөв зүг рүү нь шахаж түлхэж л баймаар байна. 

Тэгэхгүй байсгээд л дампууруулсан хэдэн газрынхаа захирлуудыг сольж, хуучин хэдийнхээ хулгайг нийтээрээ шүүн хэлэлцээд, хамаг буруугаа нэг хоёр хүн рүү чихээд суудаг баймааргүй байна. Хаа хаанаа залхаж байна шүү дээ" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.102
    10 минутын өмнө

    Лодой бол жинхэнэ ардчилагч юмаа эсэргүүцэж байвал болокккк

    Хариулах
  • 43.242.242.57
    8 минутын өмнө

    маш зөв юм хэлж байна.

    Хариулах