ТӨСӨВ 2026: Г.Занданшатарын Засгийн газар халамжийн хөтөлбөрүүдэд 2 их наяд 517.6 тэрбум төгрөг зарцуулна

С.Гандэлгэр
5 цаг 45 минутын өмнө

Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газар ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Төсөв бол тухайн Засгийн газрын барих бодлогын толь байдаг учраас Л.Оюун-Эрдэнийг солиод буруудав уу, зөвдөв үү гэдэгт  хариулт өгөх эхний том боломж нь улсын төөсөв байсан. Энэ утгаараа Чуулганаар хэлэлцэж эхлээгүй ч гэсэн олон нийтийн анхаарлын төвд байна. 

 Макро түвшинд иргэд Засгийн газраас эдийн засагт эзлэх төсвийн жинг бууруулах, халамжийг хумих, тэндээс гарсан мөнгийг өсөлт гаргах бүтээн байгуулалтад чиглүүлэх, он дамнасан хөрөнгө оруулалт тавихгүй байх зэрэг хэдхээн зүйл л хүлээж байгаа. Төсөв хэдээр батлагдав, мега төслүүдэд хэдийг хуваарилав, халамж хасагдав уу зэрэгт илүүтэй анхаарч байгаа гэсэн үг. Бид энэ удаад халамжийг онцоллоо. 

2026 онд төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 33 их наяд буюу 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсоны хэдийг нь халамжид зарцуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

Харин төсвийн төсөлд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, хүүхдийн төлөө сан зэргийг эс тооцвол есөн төрлийн халамжийн хөтөлбөрт 2 их наяд 517.6 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. 

Энэ дүнд нь ирэх оны төсөвт тусгасан Нийгмийн даатгалын сангийн зарлага 6 их наяд 439.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 2,273.3 тэрбум, Хүүхдийн төлөө сангийн зарлага тооцогдоогүй байна. 

Мэдээж халамжийн хөтөлбөрүүдийг Г.Занданшатарын Засгийн газар л хэрэгжүүлээд байгаа юм биш. Түүний өмнөх Засгийн газрууд ч хэрэгжүүлсээр ирсэн. Халамжийн хөтөлбөрүүд тодорхой хуультай учраас жил бүр төсвөөс санхүүждэг. Гэвч нийгмийн халамжийг бууруулах, бизнес эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хэрэгцээ шаардлага байсаар байхад үүнд өөрчлөлт хийхгүй, их наядаар хэмжигдэх төсвийг халамжид зарцуулахаар тусгасан нь харамсалтай. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмж 1 их наяд 575.4 тэрбум

Ирэх онд 0-18 хүртэлх насны нийт 1,332.8 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 1,575.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Халамжийн тэтгэвэр 335.1 тэрбум

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар 65 насанд хүрсэн иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг гээд нийт 63.8 мянган иргэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. 

Ирэх онд тус хуулийн дагуу халамжийн тэтгэвэр авагч иргэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авах 16.4 мянган иргэдийн тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэн тусгаж нийт тэтгэврийн зардалд 335.1 тэрбум төгрөг тусгасан байна.

Асаргааны тэтгэмж 279.3 тэрбум 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа, хүүхдийг асарч байгаа асралт гэр бүл, тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэдэд тус тус асаргааны  тэтгэмж олгохоор заасан байдаг. 

Асаргааны тэтгэмж авдаг нийт 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тооцож, төсвийн төсөлд тусгажээ.

Онцгой тохиолдлын болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 97.1 тэрбум 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн нийт 76.4 мянган иргэнд 97.1 тэрбум төгрөг олгохоор тооцсон байна. 

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 107 тэрбум

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 172.1 мянган иргэнд олгохоор тооцож 107.0 тэрбум төгрөг тусгажээ. 

Эхийн алдар одонтой ээжид олгох мөнгөн тусламж 67.6 тэрбум

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйл, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.9 дэх хэсэгт заасны дагуу “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, “Эхийн алдал” хоёрдугаар зэргийн одонтой 274.0 мянган эхэд 67.6 тэрбум төгрөг олгоно.

Насны хишиг 33.6 тэрбум

Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад 65 болон түүнээс дээш настай ахмад настанд “насны хишиг” тэтгэмж олгохоор заасны дагуу 210.3 мянган ахмад настанд нийт 33.6 тэрбум төгрөг олгохоор тооцсон байна.

Хүнс тэжээлийн дэмжлэг 18.8 тэрбум

Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн гишүүн-иргэдийн дотроос нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, гэр оронгүй, иргэн нийт 129.0 мянган иргэнд нийт 18.8 тэрбум төгрөг олгоно.

Асрамжийн үйлчилгээний зардал 3.4 тэрбум

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 .2. “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа гэр бүл, хуулийн этгээдэд олгох хувьсах болон үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ” гэж заасны дагуу нийт 16 хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 550 хүүхдэд хувцас, эм, хоолны зардлыг баталсан нормативын дагуу олгох 3.4 тэрбум төгрөг.

Үүн дээр нэмээд Нийгмийн даатгалын сангийн зарлага 6 их наяд 439.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 2,273.3 тэрбумыг төсөвлөжээ.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна