Сүүлийн 10 жилийн Улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлын асуудлаар УИХ-ын Ө.Шижир цахим хуудаснаа илэрхийллээ.
Тэрбээр “Улсын төсөв дарга нарын тойрогт л орчдог” Учир нь гэвэл би доорх ганц хоёрхон жишээгээр тайлбарлая Улсын төсвөөс орон нутагт олгодог санхүүжилтээс сүүлийн 10 жилд дарга нарын өлгийн нутаг гэгдэх Хэнтий аймаг болон Хөвсгөл, Увс, Дархан гэх аймгууд хамгийн өндөр санхүүжилт авдгаараа жил бүр тэргүүлж ирсэн. Сангийн сайд, төсвийн байнгын хорооны дарга нарын төрсөн нутаг гэсэн үг л дээ. Гэхдээ эдгээр аймгууд бусдаас илүү санхүүжилттэй ч бусад аймгаасаа хөгжлөөрөө тэргүүлээд онцгойрсон зүйлгүй, нэн шаардлагатай эмнэлэг, онцгой гэх салбарууд нь тоног төхөөрөмж хомс, аймгуудтай өрсөлдөх чадвараараа жил бүр муу үнэлгээ авдаг нь хачирхалтай.
Төсвийн мөнгө үнэхээр ард иргэдийн хэрэгцээнд зориулагдаж байна уу, эсвэл даргатай аймгуудын улс төрийн “бэлэг” болон хувирч байна уу?” Нэг жишээ дурдъя сүүлийн дөрвөн жилд гарсан ой хээрийн түймрийн тэн хагас нь Хэнтий, Дорнод аймгуудад бүртгэгдсэн байдаг. Энэ утгаараа эдгээр аймгуудад Онцгой байдлынхны хангамж, нөөц, бүтэц хамгийн шаардлагатай. Гэвч жил бүр хамгийн өндөр санхүүжилт авдаг Хэнтий аймагт 10 жилийн хугацаанд ОБЕГ-ын нэршлээр хоёрхон удаагийн нийт 869 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бол соёлын ордон, театр, чуулга нэршлээр нийт 35 удаагийн нийт 44,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт өгсөн байгаа юм.
Үүнээс гадна Хөвсгөл аймагт энэ 10 жилийн хугацаанд онцгой байдлын салбарт нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй байж соёлын төвийн урсгал зардалд 48,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгааг та бүхэн доорх зурагнаас харж болно. Энэ мэт нэн шаардлагагүй төрийн өмчийн (сүртэй) барилга байгууламж баригдаж урсгал засвар, зардалд нь гарын салаагаар мөнгө урсаж байхад бодит хөгжил дэвшил, иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлд ахиц дэвшил гарахгүй байна. Орон нутгийн хөгжил олон барилга байгууламж барихаас илүүтэй иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэнээр бий болно” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна