Эрчимжсэн мал, аж ахуй эрхэлж буй “Мөнхтамир ти би эй эйф” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Архангай аймгийн Цэнхэр суманд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа эрчимжсэн мал, аж ахуй эрхэлж буй “Мөнхтамир ти би эй эйф” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Мөнхтамир ти би эй эйф” ХХК нь гурван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сүүний болон махны чиглэлийн монбиллиард, герефорд үүлдрийн 400 гаруй үхэртэй. Нутгийн таван өрх хоршоо болон нэгдэж, уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан ашиг шимийг нь хүртэж байна.

Монбиллиард нь Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, Францын Монтблан уулын бүсэд нутагшсан, шилмэл үүлдрийн үхэр аж. Францын сүүний чиглэлийн үүлдрийн үхрээс өөх тос, уургийн хамгийн сайн харьцааг илэрхийлдэг бөгөөд 3.2-3.8 хувийн тослогтой сүүтэй.

Тус аж ахуй нь Архангай аймагтаа жишиг фермийг хөгжүүлж, малчин өрхүүдийн амьдралын нөхцөл боломжийг сайжруулан, ажлын байраар хангаж байгаа юм.

Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан сүргийн тоог ихэсгэж, аймгийн хэмжээнд сүү цагаан идээ болон өндөр зэрэглэлийн стэйкний махыг борлуулахаар зорьж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна