Д.Амарбаясгалан: Татвар, НДШ-ийн хуучин тогтолцоог хална

Х.Есү
2 цаг 13 минутын өмнө

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 

Д.Амарбаясгалан: 

"Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад Байнгын болон дэд хорооны дарга, гишүүд идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе.

Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.

Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна