МАН дотор дэгдсэн түймэр түр намжив

Т.Отгонсувд
2 цаг 26 минутын өмнө

Энэ долоо хоногт  МАН-ын удирдах зөвлөлийн хурал болон бага хурал товлогдоно гэсэн мэдээлэл бий. Тус хурлаар намын дүрэм, намын даргын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх юм.

Ерөнхийлөгчийн талаас Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын суудлыг албажуулах амбиц бий ч төсөв дагасан улстөрөө дийлэхгүй хүндхэн байдалд орчихоод буй.

Нөгөө талд ойрын хүмүүсээ хориулах зэргийн элдэв шахалтаас үүдэлтэйгээр шийдчихсэн яваа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татахгүйгээр намын даргын сунгаанд өрсөлдөхөө хэдэнтээ мэдэгдчихээд байна.

Эндээс түүнд итгэл хийгээд өнгөрсөн хугацаанд бүтээсэн түшиц байгаа нь харагдана.

Түүний хувьд МАХН-ыг МАН-д нэгтгэх үеэр намын зохион байгуулалттай холбоотой тодорхой тохироонууд хийгдсэн гэж үздэг. Тухайлбал, Тусгаар тогтнолын ордонд тусгай давхар гаргаж өгөх, намын үүрүүдээр дамжуулан гишүүдийг элсүүлэх, мөн Бага хуралд төлөөлөл оруулах зэрэг тохироо яригддаг. Үүнийг тухайн үед намын генсек байсан Д.Амарбаясгалан голлон удирдсан.

Өнөөгийн улс төрийн нөхцөлд Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй илүү ойртож, харин Л.Оюун-Эрдэнийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа ч Бага хурлын квот, мандат тоолох асуудал дээр Д.Амарбаясгалангийн талд давамгай байдал гарна гэж улс төрийн хүрээнд дүгнэж байгаа. Учир нь Бага хурлын одоогийн бүтэц түүний үед бүрдсэн хэвээр байгаа юм.

Мөн УИХ-ын үе үеийн дарга нарыг чуулганы нээлтэд урьсан явдал нь зөвхөн ёслолын шинж чанартай бус харин МАН-ын Бага хуралд чиглэсэн улс төрийн тооцоотой алхам байж мэднэ.

Түүнчлэн МАН-ын дотоодод мандат тоолоход Д.Амарбаясгалан олонх болж байгаа гэх тул МАН-ын даргын сунгаанд Д.Амарбаясгалан ялах магадлал өндөр байгаа юм. Үүнийг тооцсон Ерөнхийлөгчийн талынхан түүнтэй тохирсон байх дүр зураг ойрын өдрүүдэд өрнөлөө. Тэд уулзсаны дараахан хоёр тал дарамт шахалт үүсээгүй хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр Д.Амарбаясгалан МАН-ын дарга болоод засгаа тэргүүлэхээс илүү спикерийн суудалдаа үлдэж, Засгийн газрыг Ерөнхийлөгчийн талд үлдээх нь гэдэг яриа хөшигний ард ил далд яригдаж байна.

Ямартай ч МАН дотор дэгдээд байсан түймэр түр намжиж, томчууд нь ойлголцож эхэлсэн бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна