МАН даргаа Бага хурлаас биш, Их хурлаасаа тодруулбал гоё харагдана

Zuv.mn
8 цаг 19 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, энэ сарын 27-нд буюу ирэх бямба гарагт намынхаа бага хурлыг хуралдуулахаар товлосон билээ. Бага хурлаас Их хурлын тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг тогтоож,  түүнээс хойш 45 хоногийн дотор Их хурал хуралдан намын Үндсэн дүрмийн өөрчлөлт болон даргын асуудлыг хэлэлцэх ёстой.

Өөрөөр хэлбэл, Бага хурал энэ сарын 27-нд товлогдсоноороо цаад тал нь ирэх арваннэгдүгээр сарын 11 гэхэд намын Их хурал хуралдаж, даргын асуудал цэгцэрчихсэн байна гэдгийг тодорхой болгосон гэсэн үг.  

Гэвч МАН-ын УЗ-ийн гишүүн А.Ариунзаяа Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулахдаа “Намын Үндсэн дүрмийн 24.3 буюу “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн нь зөвхөн сонгуулийн дүн гарсны дараа л хамаарах заалт, МАН-ын Бага хурлаас даргаа сонгох нь Үндсэн дүрмээрээ боломжтой” гэдэг байдлаар ярьсан нь анхаарал татлаа.

Учир нь, яг одоо улс төрийн намууд Үндсэн дүрмээ шинээр батлагдсан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд Улсын дээд шүүхээс “Эхлээд намын дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж батлаад, дараа нь шинэ дүрмийнхээ дагуу даргаа сонго” гэдэг зөвлөмжийг улс төрийн намуудад хүргүүлээд буй.

Ардчилсан нам сая даргаа сонгохдоо энэ зөвлөмжийг биелүүлээгүй бөгөөд О.Цогтгэрэлийг хязгаарлагдмал хүрээнээс буюу Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэж сонгосон юм. Энэ нь угтаа Улс төрийн намын тухай хууль 2023 онд батлагдаж, хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа байтал 2025 онд сонгогдсон Ардчилсан намын дарга өмнөх хуулиар нь сонгогдчихсон гажуудлыг бий болгосон.

Тэгвэл А.Ариунзаяа гишүүний өгсөн мэдээллээс харахад, МАН яг тэр замаар буюу Дээд шүүхийн зөвлөмжийг хэрэгсэлгүй намын даргыг Бага хурлаас сонгох чиглэлийг барих гэж байгаа гэж ойлгогдов.

Намын одоогийн Үндсэн дүрмээр бол МАН-ын дарга нь хамгийн өндөр албан тушаалтан. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй субъект байдаг. Тэр утгаараа намдаа аль болох хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Тиймээс тэртэй тэргүй Их хурал хуралдуулж намын Үндсэн дүрэм хэлэлцэхээс хойш намын даргаа Их хурлаараа сонгочих нь хуулийн хэрэгжилт талаасаа ч зөв  баймаар.

Гэхдээ нөгөө талаар, А.Ариунзаяа гишүүний хэлсэн нь МАН зүгээр “Бага хурлаас даргаа сонгочих санаа байгаа юм байна гэдгийг л харуулахаас бус асуудал угаасаа л Их хурал хүрч шийдэгдэх магадлал өндөр.

Учир нь, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа намын Үндсэн дүрэмд намын даргыг Биага хурлаас сонгох боломж бий ч босго нь өндөр юм. Тодруулбал, нийт гишүүдийн 2/3-ын дэмжлэгийг авч байж дарга болох боломжтой. Тиймээс өрсөлодөгчдийн хүч тэнцүү энэ үед асуудалд Их хуралд хүрч байж шийдэгдэх магадлал өндөр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна