УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр “НТВ” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Түүндээ МАН-ын даргын төлөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг муулж, хальт сонсож, өнгөц өнгөц дүгнэвэл “ноцтой” гэж санагдахаар баримтуудыг ярьсан байна.
Гэвч яг одоо ямар цаг үе билээ, ингэж ярих нь хэнд ашигтай билээ гэдгийг бодоод үзвэл тэрбээр цэвэр улс төрийн зорилготой бөгөөд цаана нь том ашиг сонирхол байгаа юм биш биз гэж хардмаар, тайлах ёстой олон эргэлзээ үлдээлээ. Гэхдээ, хамгийн харамсалтай нь, энэ эргэлзээ тайлагдахгүй болов уу гэсэн болгоомжлол байна. Яагаад гэвэл Б.Энхбаярын яриа нь өөрөө логикгүй, баримтгүй, дурдсан фактуудыг нь болж өнгөрсөн, болж буй үйл явц нотлохгүй байгаа юм.
Энэ нь түүний яриа зүгээр л намын дотоод зодооны илрэл, харин энэ зодооноо баримт нотолгоогүй хоосон яриагаар ил гаргаж байгаа нь “Нэг намын зовлон төрийн зовлон болох вий” гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Учир нь, МАН бол нэгнээ илчилсэн, нийтэд мэдээлэгдсэнээр нь тооцвол хамгийн их хулгайч, луйварчин, гэмт хэрэгтнүүдтэй нам. Гэвч хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдлоороо бараг хамгийн цэвэр нам. Иргэдийн авлигаас ангижрах хүслийг бүлэглэл, фракцийнхаа сонирход л ашигладаг, хэрэг нь өнгөрсний дараа таг чиг болж, монголчуудын “Улс төр цэвэршинэ” гэсэн хүлээлтийг үеийн үед уландаа гишгэж ирсэн нам. Энэ бүхний гол шалтгаан нь өрсөлдөгчөө намнахдаа “БАРИМТ НОТОЛГООГҮЙ, ЛОГИКГҮЙ” ярьдаг явдал юм. Заримдаа баримт тавим тоо хэлдэг ч холбогдох байгууллага нь ил гаргахгүй, хуулийн байгууллага нь ажиллахгүй байх жишээтэй.
Б.Энхбаярын өчигдрийн яриа ч тийм, ямар ч баримтгүй, логикгүй, болж өнгөрсөн үйл явцыг өөрөө дунд нь байсан мэтээр тайлбарласан, зүйрлэж хэлбэл Форрест Гамп кино санаанд орохоор болж өнгөрлөө.
Жишээ нь, Ц.Чулуунзагд өөрийг нь хэвлэлээр “гөвөөд” байхаар нь хэлсэн чинь Л.Оюун-Эрдэнэ маргааш нь “Нэг ч хүнийг барьж хорьж болохгүй” гэж шийдвэр гаргасан юм гэнэ. Эрх баригч намын дарга, нам дотор нь асуудалтай нөхдүүд язганалдаж байгааг мэдэхийн хувьд сонгуульд зориулж тийм шийд гаргасан уу гэхээс Б.Энхбаярын хэлсэн шиг шалтгаан үнэндээ л инээдтэй. Хэрвээ тийм л байсан юм бол тэр үед нь “Ерөнхий сайд надад “Хүн баривчлахгүй байх үүрэг өгчихлөө” гэж хэвлэлийн хурал хийх нь яасан юм. Үүрэг өгсөн нь үнэн байж болох ч шалтгаан нь Ц.Чулуунзагдыг Б.Энхбаяр барих гэж байсанд бус, дээр хэлсэнчлэн, “Нам дотор нь асуудалтай нөхдүүд язганалдаж байгааг мэдэхийн хувьд” наана нь асуудал үүсгэж сонгуулийн саналаа алдахаас айсан айдас гэвэл үнэнд илүү дөхнө.
Б.Энхбаяр өчигдрийн яриандаа АТГ-ыг Л.Оюун-Эрдэнийн нөлөөнд байдаг мэтээр ярьсан. Улс төрч хүн ард иргэдээ цагаан цаас гэж бодоод ирэхээр л алдсан байдаг.
Үнэндээ өнөөдрийг хүртэл АТГ-ын үйлдэл бүр нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг байсан. Залуус “Орлогоо л нотолчих гээд байгаа шүү дээ” гэж жагсаж байхад хөрөнгө орлогоо нотолсон баримтыг нь “дарж хэвтээд” огцорсных нь дараа мэдэгдэл хийсэн, “Нэг тал” гэж Б.Энхбаяр өөрөө ярьсан Д.Амарбаясгалангийнх нь эсрэг ажиллаж, Ц.Чулуунзагд, Х.Эрдэнэжаргал нарыг нь барьж байна. Энэ бол маш тодорхой.
Товчхондоо Б.Энхбаярын яриа бодит байдал хоёр зөрөөд, маргаан таслах ёстой холбогдох байгууллагууд нь эс үйлдэл үзүүлээд, болж өнгөрсөн үйл явцууд дурдсан фактуудыг нь нотлохгүй байгаа учраас түүний яриа ард түмнийг талцуулж, толгой эргүүлэхээс өөр үр дүнгүй байж мэднэ.
“Хил дамнасан төмөр замын гэрээнд “Чалькотой байгуулсан гэрээний загварыг ашигласан”-Баримтгүй
Тэрбээр Гашуунсухайт, Ганцмод чиглэлэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд хийгдсэн “Тавантолгойн олборлолтыг нэмэгдүүлэх“, “Худалдах, худалдан авах” гэрээг 2010 оны үед “Чалко”-той байгуулсан тэр загвараар хийсэн, ингэхдээ үнийг “Нүүрсний үнийг 53 ам.доллараар тусгасан” гэсэн.
“Чалко”-той байгуулсан гэрээ бол тогтмол үнээр хийсэн, дээр нь “Нүүрсний үнэ буувал дагаж бууна” гэсэн нэмэлт заалттай гэрээ. Үнэ өсвөр өсөхгүй, буувал харин бууна гэсэн маш ашиггүй гэрээ байсан.
Гэвч Б.Энхбаяр гэрээг өөрөө хараагүй, сургаар ярьж байна гэжээ. Уг нь түүний яриа үнэн эсэхийг батлахад амархан, гэрээг ил гаргаад л болно. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл ил гаргахгүй, дараад хэвтээд байна вэ. Энэ бол МАН-ын энэ дотоод зодоон, даргын сонгуулийн дараа хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийн л шинж гэж хардаж байна.
Ингэж хардах үндэслэл ч байна. Б.Энхбаярын хэлж байгаагаар бол ийм гэрээг хийсэн хүн эх орноосоо урвасан байтугай л бололтой. Гэтэл өмнөх гэрээтэй нь шууд холбоотой Сү.Батболд гэдэг хүн эх орноосоо урвасан хэргээр ял авсан уу гэвэл үгүй.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, ҮНИЙН МАРГААНД ЦЭГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.
Д.Амарбаясгалан “Админерал”-ын хөрөнгө оруулагчийг нухсан-Баримтгүй
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал”-тай холбоотой, тэр бүү хэл БНХАУ-ын талын хөрөнгө оруулагч компанийн захирлын үхэлд буруутай байж болзошгүй гэдэг ноцтой агуулгыг Б.Энхбаяр ярьсан. Түүндээ хуулийн байгууллага “Ц.Чулуунзагдын гэрээс н.Хасбатарын гарын үсэг бүхий дардас олдсон” гэж мэдэгдсэн талаар дурдсан. Харин Ц.Чулуунзагдын өмгөөлөгч “Дардас олдсон гэдэг мэдээлэл худлаа” гэж албан ёсоор мэдэгдэл гаргасныг орхигдуулсан.
АТГ одоо тэр ДАРДАС-аа ГАРГАЖ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
МАН зодооноо дотооддоо хий, ил гаргавал баримттай гарга
Үеийн үед л МАН доторх эрх ашгийн тэмцэл, “зодоон” ард иргэдийг талцуулдаг хэр нь дараа нь хэн ч хариуцлага хүлээдэггүй ард түмэн хохироод хоцордог /илчлэлцсэн луйвар, хулгай нь үнэн байлаа гэж бодоход/ байсан. Хардлага сэрдлэг нь үнэн байсан ч төрийн байгууллага нь баримтуудыг нуудаг, хаадаг, гаргаж өгдөггүй.
Бодит байдал гэвэл хэн ч улс орныхоо эрх ашгаас тэгтлээ урваагүй. Зүгээр л МАН-ын фракцууд даргын суудал, цаашлаад Засгийн газрын тэргүүн болохоор өрсөлдөж байгаа. Үе хооронд өрнөж байгаа энэ өрсөлдөөнд залуус тоогоор хүч түрж байгаа учраас "Ах нар" залуусаас талдаа татах ажлыг идэвхтэй хийсэн. Нэг талд Г.Занданшатар НАМЗХ-ын үе, үеийн дарга нартай уулзсан. Нэг ёсондоо "Дүлзэн" хайсан. Нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад руу М.Энхболд, Сү.Батболд нарын зэрэг МАН-ын үе, үеийн дарга нарыг дагуулж явсан. Нөлөөлөө ашиглаж, "Дүлзэн" олж өгөхийг хүссэн байж магад. Хэвлэлээр хангалттай мэдээлэгдсэн.
Өдгөө УЗ хуралдаж, Бага хурал товлогдсон нь дээрх уулзалтуудын шууд үр дүн бөгөөд Б.Энхбаяр ч нэг хэсэг нь гэж шууд харагдаж байна.
Магадгүй, Б.Энхбаяр дөнгөж эхлэл, худал үнэн юм ярьж гарч ирэх дараа, дараагийн “Дүлзэн”-гүүд ээлжээ хүлээгээд байж байж магадгүй. Эсрэг тал нь ч хариу үйлдэл хийх нь магад. Тэдэнд хандаж хэлэхэд, одоо ингэж хий хоосон ярьж ард түмнээр тоглодогоо боль.
Үнэхээр эх орноо боддог юм бол баримтуудаа гаргаж ирээд, холбогдох байгууллагууд нь баримт нотолгоог нь гаргаж өгөөд, буруутай хүмүүстээ хариуцлага тооцуулж “зодолд”.
МАН хэдий эрх баригч, энэ утгаараа даргын суудлын нөлөө том ч зүгээр л нэг улс төрийн нам. Үзэл бодлоороо нэгдсэн, дүрэм зарчимтай, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн чадварлаг хүмүүсийг улс төрд зуучилдаг үүрэгтэй байгууллага. Монголд хэдэн арваараа байдаг улс төрийн намуудын нэг.
Гэтэл энэ нэг намын асуудал одоо улсын асуудал болж хувирлаа. Хэрвээ энэ нам өөрсдийнх нь яриад байгаа шиг боломж л гарвал улсаа худалдчих гээд байдаг гишүүдээр дүүрэн юм бол Монгол Улс, монголчууд ийм намаар яах юм бэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
лалрын алуурчин нүүрсчин хулгайчыг улс төрөөс зайлуул
Хариулах150.228.177.173
МMongolchuudaa gudmandaa garaad jagsya aa
Хариулах66.181.179.49
Хогийн сэтгүүлч өөрийн бичиж байгаа ядмаг тайлбар, гаргалгаанаасаа ичдэг болоосой. Юу намын зодоон??!! МАН-ын дарга хэн байх нь маньд хамаагүй. Төсөв хомсдсон уу? Төгрөгийн ханш унасан уу? Цалин, тэтгэвэр нэмэх шаардлагатай юу? Эмнэлэг, сургууль хэрэгтэй юу?.. ТИЙМ. Энэ л бидний асуудал. Нөгөө талаас, 2026 оны төсвийн хүрээнд эдгээрийг шийдэх боломж бий юу? БАЙХГҮЙ. ЯАГААД??? Яагаад гэвэл төсөвт орох орлого нь хулгайн замаар урсаж, зарлага нь эрх мэдэлтнүүдийн тансаглалд зарцуулагдаж байна. Төр үүргийнхээ дагуу нийгмийн дэд бүтэц буюу эмнэлэг, сургууль, эрчим хүч, дулаан, зам...г.м чухал асуудлуудаа шийддэггүй, төсвийн ажилтнуудынхаа цалинг нэмдэггүй, тэтгэвэр тэтгэмжээ нэмдэггүй атлаа эсрэгээрээ инфляцийг нэмэгдүүлж, төгрөгийг цаас болгосоор ирлээ. ТЭГВЭЛ ТӨРД ИЙМ БОЛОЖ БАЙСАН УУ? БАЙСАН. ТЭГЭЭД ЯАГААД? Яагаад гэвэл УТН-аар дамжин эрх мэдэлд хүрдэг, эрх мэдэлд хүрсэн хойноо төсвийн/ ард түмний мөнгийг хулгайлдаг тогтолцоо угсрагдсан байна. Үүнийг л БОЛЬЁ! Баялгаа бид олборлохгүй биш олборлож байгаа. Гэхдээ баялгийн өгөөжийг ард түмэн биш, хулхайчид хүртэж байгаа.. гэдгийг Б. Энхбаяр барин тавин ярилаа. Угаасаа тодорхой. Ард түмэн тэнэг биш. МАН-МАНГАС болсон бн.ккк
Хариулах