Ц.Нямдорж: Нэг намынхан биенээ харлуулах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна

Х.Есү
2025/09/28

Бага хурал гишүүдийн санал шүүмжээр үргэлжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж МАН-ын Бага хурлын VIII хуралдаанд үг хэлжээ. 

Тэрбээр хүн амины хэрэгтэй холбоотой мэдээлэл нийгэмд очсонд маш их эмзэглэж буйгаа илэрхийлээд “Нэг намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон, нэг намын гишүүд чуулганы индэр дээрээс, хэвлэлийн хурал хийх замаар бие бие рүүгээ ил цагаан дайрч давшлах, биенээ харлуулах ажиллагааг өөрсдөө хийж байна. 30-аад жил халуун тогоонд нь байсан мань мэт үнэхээр эмзэглэж байна. Хүн амины хэрэгт хамаатуулж, хамт байгаа нөхдөө гүтгэж, энэ намыг, намын хамт олныг алуурчин болгох юм хийгээд байхаар байж суух газар олдохгүй байна шүү.

Би хүн хэлмэгдүүлэхийг ер бусаар үзэн яддаг хүн. Энэ миний хуульчийн үзэл бодол. Тэр тусмаа Хуулийн сайд хийж байсан хүн мэдэгдэл хийгээд нөхдөө алуурчнаар дуудаж болж байгаа юм уу. Нам доторх нөхцөл байдал ийм болчихсон үед ийм хачин зүйл хийж яваад харамсаж байна. 

Ш.Раднаасэд мөн л “Д.Амарбаясгалан биднийг нүүрсчнээр зарласан” гэж ярина лээ. Д.Амарбаясгалан тэгж зарлаагүй шүү дээ. Би тэр үед ажлаа өгчихсөн байсан. Гэнэт л нүүрсний хулгайчидтай тэмцэнэ гээд л АТГ-ынхан хоёр гурван хоногийн дараа гарч ирээд дэд дарга, нэг хэлтсийн дарга, мөрдөгч сууж байгаад манай намын харъяалалтай арав гаруй гишүүнийг зарласан. 

Тэрний дараа жагсаал цуглаан болоод тэр нэрсийг дахиад зарласан шүү дээ. Яагаад ийм гүтгэлэг тарааж, ийм хачин зүйл хийгээд байна вэ та нар. Ингэж намыг, намаар дамжуулж төрийг гутаах ямар шаардлага байсан юм, арай дэндэж байна. Би худлаа хэлж үзээгүй хүн. Би үүнд чинь эгдүүцэж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 175.193.253.108
    2025/09/28

    Хүн хэлмэгдүүлдэггүй гэнэ үү, Энхбаярыг яасан билээ, тэгээд гэртээ зурагтгуй гээд жуумалзаж бсн биздэ

    Хариулах