Засаг огцрох эсэхийг АН шийднэ

Х.Батсайхан
18 цаг 4 минутын өмнө

МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн институци хоорондын зөрчил болж, УИХ дээр Засгийн газрыг унагах асуудлаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлэх нь гэдэг “бор шувуу” Төрийн ордноос нислээ.

Хэний бланкан дээр зуруулах нь тодорхойгүй ч, хэзээнээс эхлэх, хэчнээн гишүүн зурах багцаа гарчихаж. Тодруулбал, маргаашнаас эхлэх бөгөөд 40 орчим гишүүн зурах гэнэ. Хэрвээ энэ үнэн бол, МАН-ын даргын асуудал жинхэнээсээ бусад намын асуудал болж хувирах юм.  

Учир нь, Г.Занданшатарыг унагах асуудал УИХ дээр олонхын дэмжлэг авахын тулд бусад намуудын оролцоо зайлшгүй хэрэгтэй.

Одоо УИХ-д

МАН 68

АН 42

ХҮН нам 8

ИЗНН 4

Үндэсний эвсэл 4 суудалтай байгаа.


Тэгэхээр, Д.Амабаясгалан, Г.Занданшатар хоёрын асуудлыг шийдэхэд хамгийн өндөр оролцоотой байх улс төрийн хүчин нь АН байх нь тодорхой байна.

Ардчилсан намын хувьд, МАН-ын Бага хурал дууссаны дараа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр руу хоёуланд нь хандсан шаардлага тавьж, болохгүй бол төсвөөр "барьцаална шүү" гэдэг дохиод тодорхой өгсөн.

Энэ дохиогоо намынхаа УТЗ-өөр өгүүлсэн бөгөөд Бүлгийн хурлаар хэлэлцэж байж хүлээж авах, авахгүйгээ шийднэ гэсэн. Тэгэхээр, хожсон хугацаан дээрээ яриа хэлэлцээр явуулж байх магадлал өндөр байна.

Ер нь бол АН ууртай мэдэгдэл хийсэн нь МАН-ын даргад нэр дэвшсэн Г.Занданшатар Бага хурал дээрээ “Намын дарга болсон ч АН-тай хамтрахгүй” гэж мэдэгдсэнтэй холбоотой нь тодорхой байсан. Учир нь, “Ардчилсан намын шинээр сонгогдох удирдлагууд, тодорхой хэлбэл О.Цогтгэрэл МАН-ын даргын сонгуулийн дараа Засагт хамтрах, сайдын суудлаа яаж хуваахаа Г.Занданшатартай тохирсон” гэх мэдээлэл аль хэдийнэ гарсан байсан бөгөөд АН-ын даргын сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн мэтгэлцээн дээр ил тод яригдаж, мань хүн “Би ганцаараа шийдэхгүй, намын гишүүд дэмжвэл хамтарна” гэх маягийн хариулт өгөөд сууж байсан нь үнэн юм.

Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар тохирсноо умартаж, АН-тай хамтрахгүй гэж Бага хурлын гишүүддээ амалсан нь АН-ыг ч бас морины нүүдэл бодохгүй бол болохгүй болгосон гэдэг таамаг үнэний хувьтай.

Одоо гол асуудал нь гэвэл, Бага хурал дээр Д.Амарбаясгалан ч мөн “Намын дарга болбол АН-тай хамтрахгүй” гэж мэдэгдсэн явдал бөгөөд одоо асуудал нэгэнтээ УИХ руу орж ирэхэд тулсан учир цагийн байдал өөрчлөгдөж, Д.Амабаясгалангийн ч тэр, АН-ын ч тэр байр суурь өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.  

Өөрчлөгдөхдөө тулбал Г.Занданшатарыг биш 

Д.Амабаясгаланг дэмжих нь ч бараг тодорхой. Г.Занданшатар бол ярьж тохирсноо умартсан, Д.Амабаясгалан зарчмын байр суурь дээр байгаа гэдэг нь үүнд нөлөөлнө. 

Ямартай ч өнөө шөнөдөө ямар нэг зүйл болчихгүй л бол Засгийн газрын ирээдүй бүрхэг болж ирсэн нь товоос тодорхой байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна