“Нүүрсний хулгай” хоёр дахь “Зоригийн хэрэг” болох нь

Х.Батсайхан
2 цаг 2 минутын өмнө

“Зоригийн хэрэг” гэж хэрэг бий. Илэрсэн, бас илрээгүй. Илрэх гээд л байдаг. Тэр нь улс төрийн сонгуулийн үеэр сөхөх шалтаг болж, хэн нэгэнд ашигтай тусдаг. Бүр илэрсэн байсан ч заавал ямар нэгэн байдлаар сөхөх сэжүүр үлдээдэг.  

Жишээ нь, Зоригийн хэргийг Ц.Элбэгдоржийн үед илрүүлсэн ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хөөцөлдсөөр 2021 онд суллуулсан. Гэхдээ Нийслэлийн прокуророос хэргийг нь хүчингүй болгосон ч Шүүхээс цагаатгаагүй. Цагаатгаагүй. Шүүх хүнийг гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдвол цагаатгадаг. Т.Чимгээ, Д.Содномдаржаа хоёр дээр ийм зүйл болоогүй. Энэ нь "Зоригийн хэрэг"-ийг 2028 онд дахин ашиглана гэсэн дохио мэт л санагдаж буй. 

Тэгвэл "Нүүрсний хэрэг" яг ийм, улстөрчдийн бие, биенээ харлуулах, намнах хэрэгсэл болох нь уу гэсэн болгоомжлол байна. 

"Админерал", Бор тээг дээр жишээ авья. Бор тээг бол ТЭЗҮ нь хийгдсэн ч олборлолт явуулаагүй байгаа орд. Гол асуудал нь, ордыг ашиглахдаа өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, олборлолт, баяжуулалтаас гадна худалдан борлуулах эрхийг "Админерал" ХХК-д өгсөн явдал. 

"ЭТТ" ХК энэ шийдвэрээ "Нүүрс баяжуулахад хаягдал гардаг. Тэр хаягдлыг борлуулах буюу зайлуулах үүргийг "Админерал"-д хариуцуулсан нь ашигтай байсан" гэж тайлбарладаг. Энэ асуудал "Нүүрсний сонсгол"-ын үеэр тодорхой яригдаж, холбогдох талууд тайлбараа өгсөн байдаг. Энэ тендер одоо цуцлагдсан, лиценз нь "ЭТТ"-д буюу төрд хэвээрээ, нэг тонн ч нүүрс олборлоогүй байгаа. Ийм хэрэгт хэн нэг улстөрчийг шууд хамаатуулж болж байна гэхээр "Нүүрсний хэрэг" С.Зоригийн хэрэг шиг болбол ямар аюултай вэ гэдэг нь төсөөлөгдөнө. 

Яагаад гэвэл, Б.Энхбаярын зохион байгуулсан "Нүүрсний сонсгол" бол дөнгөж "Мөсөн уулын орой", бараг л "ЭТТ"-той холбоотой тодорхой улстөрчид рүү чиглэсэн сонсгол байсан. УИХ-аас анх Нүүрсний сонсгол хийх үүрэг бүхий түр хороог байгуулахдаа нүүрс гардаг бүх боомтуудыг шалгах гэж байсныг хүмүүс одоо бараг санадаггүй. Ш.Адьшаа гишүүний ахалсан энэ Түр хороог УИХ эс үйлдэхүй гаргасаар татан буулгасан. Дараа нь Б.Энхбаяр даргатай түр хороо байгуулж, маш явцуу хүрээнд буюу ганц Гашуунсухайт-Ганцмод боомттой холбоотой асуудлаар зохион байгуулсан байдаг. Эхний Түр хороог татан буулгасан нь өөр бусад боомтуудтай холбоотой маш их хулгай, луйвар илэрч, танилцуулагдахаар бэлтгэгдэж байсантай холбоотой байсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх. Тухайн үед Г.Занданшатар УИХ-ын дарга байлаа. 

Ингээд бодохоор цаана нь олон боомтууд, олон хулгай луйвар илчэгдээгүй байгаа гэсэн үг. Монгол Улс яаг үнэндээ нүүрс л зарж амьдардаг, овоохон мөнгөтэй болох боломж нүүрсний наймаанаас л гардаг гээд бодохоор энэ хэрэгт үнэндээ манай бүх баячууд, улстөрчдийг хууль шүүхээр явуулж, нийгэмд хог шаар мэт харагдуулах боломж байна. Ийм зүйл болбол монголчууд хэн нэг "Нүүрсний хулгайч"-ийг шүүн хэрэлдэж байх завсарт хулгай луйвар үргэлжилж байх ч эрсдэл бий. 

Тиймээс хулгай луйвар гэж хэт хөөрөхөө болж, эрүүл ухаанаар асуудлыг харах шаардлага байна.   

     




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна