П.Сайнзориг: Ерөнхий сайдыг огцруулах бичгийг маргааш танилцуулна

Zuv.mn
2025/10/06

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зуруулж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногийн ажлаа танилцуулахдаа “Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг АНУ-ыг хожсон. Аугаа амжилт гаргалаа” гэж ярьсан. Үнэндээ өөр ажил хийгээгүй.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулахдаа худлаа ярьсан.

Тухайлбал, “Валютын нөөц өссөн” гэдэг үзүүлэлт гаргахын тулд Монголбанкны валютын нөөц дээр гадаадаас тодорхой төсөл хэрэгжүүлэхээр босгосон бонд, арилжааны банкууд дээр байгаа нөөцүүдийг нэмсэн.

Уул уурхайн салбарын өсөлт өнгөрсөн жилүүдэд 16 хувьтай байсан бол энэ жил 1 хувьтай байгаа.

Төрийн сан бодит байдал дээрээ хоосорсон. Цалин тэтгэвэр тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн.

Танилцуулсан зарим үзүүлэлтүүд нь оны эхний хоёр сар буюу зургадугаар сарын 30-ныхаар буюу өөрийнх нь ажилласан хугацаанд хамаарахгүй байна.  

Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор Баялгийн сан зэрэглээ болж байгаа. Стратегийн орд эзэмшигчидтэй хийх яриа хэлэлцээр зогссон. Асуухаар Оффтейк гэрээ байгуулж тэрбум ам.доллар босгоно гэсэн өөр зүйл ярьдаг. Цаг хугацаа алдаж, Оюутолгойг алдах нөхцлийг бүрдүүлж байна.

“Нүүрснийхээ 25 хувийг л биржээр зарчихвал АМНАТ-ийг хөнгөлнө” гэдэг шийдвэр гаргаж, хувийн АНН-үүдэд давуу байдал үүсгэсэн.

Энэ нь АМНАТ-өөс зөрүү үүсгэж, тэр мөнгөөр нь улстөрчдийг тэтгэдэг юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

УИХ-ын гишүүд зургадугаар сард “Ерөнхий сайд хийгээд үз” гэсэн. Гурван сарын дараа намынх нь нөхөд нь “Болохгүй юм байна аа” гэж хэлээд даргаараа сонгоогүй. Гэтэл албан тушаалтайгаа зууралдаж, албан тушаалын төлөө Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байна...” зэрэг фактуудыг дурьдаад “УИХ-ын нийт гишүүдийн ¼-өөс дээш нь дэмжвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой. Энэ хэмжээгээ давсан. Одоогоор 40 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Би бичгээ өнгөрсөн баасан гарагт төлөвлөсөн. Амралтын өдрүүд таарчихлаа. Ерөнхий сайдыг огцруулах бичигт МАН, АН, ХҮН, ҮНдэсний эвслийн гишүүд гарын үсэг зурсан. Өнөөдөр дахиад намуудын бүлгийн дарга, гишүүдтэй уулзаж танилцуулна” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна