МАН хоёр хуваагдаж, Засгийн газрын хувь заяаг Ардчилсан нам дэнслэх үү

С.Гандэлгэр
17 цаг 42 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичигтээ 40 гаруй гишүүний гарын үсэг цуглуулсан гэх бөгөөд өнөөдөр /2025.10.07/ УИХ-д өргөн барих мэдээлэл байна. 

Өчигдөр П.Сайнзориг гишүүн мэдээлэл хийх үеэрээ "40 гаруй гишүүний гарын үсэг цугларсан, 32 нь МАН-ынх бусад нь АН, ХҮН намын гишүүд" хэмээн мэдэгдсэн. 

Ингэснээр МАН-ын даргын асуудал жинхэнэ утгаараа Монголын, бусад намуудын асуудал болж хувирах юм. Учир нь, Г.Занданшатарыг унагах асуудал УИХ дээр олонхын дэмжлэг авахын тулд бусад намуудын оролцоо зайлшгүй хэрэгтэй.Одоо УИХ-д МАН 68, АН 42, ХҮН нам 8, ИЗНН 4, Үндэсний эвсэл 4 суудалтай байгаа.

Засгийн газар хэрхэн огцрох вэ гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн байдаг.  Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн

"1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэж заасан байдаг. 

Тэгэхээр өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичигээ өргөн барьсан тохиолдолд ирэх баасан гарагт хэлэлцэх юм. Улмаар УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн огцрох ёстой гэж үзсэн тохиолдолд Г.Занданшатарын Засгийн газар огцрох юм. 

МАН 68 гишүүнтэй. Хоёр хуваагдсан 32 нь П.Сайнзоригийн бичигт гарын үсэг зурсан гэж үзвэл Засгийн газрын хувь заяа яах аргагүй Ардчилсан намын 42 гишүүнд бий. Ардчилсан намын хувьд, МАН-ын Бага хурал дууссаны дараа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр руу хоёуланд нь хандсан шаардлага тавьж, болохгүй бол төсвөөр "барьцаална шүү" гэдэг дохиог тодорхой өгсөн.

Үүнийг МАН-ын бага хурлын үеэр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар Ардчилсан намтай хамтрахгүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотой байж болох юм. 

Ардчилсан нам 

МАН-ын асуудал, Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд Ардчилсан нам ч мөн адил дотооддоо хоёр хуваагдаад байгаа. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар болон тэдний ойрын хүмүүс Д.Амарбаясгалангийн талд бий. 

Нөгөө талд АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл, Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд Засгийн газрыг огцруулахгүй байх талд байгаа гэх мэдээлэл бий. 

ХҮН нам

УИХ-д найман суудалтай ХҮН намын УИХ дахь зөвлөл өчигдөр /2025.10.07/ удтал хуралдсан. Тэдний зүгээс анхнаасаа Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагаж болохгүй гэдэг байр суурь илэрхийлсээр байсан. Түүнчлэн улс төрийн хүрээнд ХҮН намын дарга Т.Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар найзууд гэх мэдээлэл байдаг. Тэр ч утгаараа төдийгөөс өдий хүртэл хэнийг дэмжих нь тодорхой биз. 

Үндэсний эвсэл 

Тэд Засгийн газрыг огцруулах зорилготой байгаа гэхэд хилсдэхгүй. Тодруулбал Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ "Энэ Засгийн газарт хулгайгаараа алдартай, чадамжгүй нөхөд орсон учраас ороогүй. Чадахгүй юмнуудыг харахаар уур хүрээд байна. Дунд нь ороод гайхамшгийг үзүүлмээр байна" хэмээн мэдэгдсэн нь олон зүйл илэрхийлнэ. 

Тэгэхээр МАН хуваагдаж, Засгийн газрыг огцруулах процесс өрнөж буй энэ цаг үед АН-ын шийдвэр голчлох бөгөөд МАН-ын талцал Ардчилсан намд ч нөлөөлөх магадлалтай байгаа нь харагдаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна