“УИХ-ын гишүүн хэн нэгнийг эх орноос нь хөөх эрхгүй”

Zuv.mn
16 цаг 52 минутын өмнө

МАН-ын даргын сунгаа эхэлсэн цагаас илтэд нэг талд үйлчилж, баримт нотолгоогүйгээр хүн гүтгэж эхэлсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд шалгуулахаар өгчээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд өвдөг шороодсоныхоо дараа буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. 

Ингэхдээ Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлж байж томилох Үндсэн хуулийн 39 дүгээр заалтыг илтэд зөрчсөн байдаг. 

Үндсэн хуулийн бус аргаар ХЗДХ-ийн сайдад томилогдохоор зарлагдсан Б.Энхбаяр гишүүн мөн дараахан нь буюу энэ сарын 2-нд “Би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн байдаг. 

Түүний энэ мэдэгдэл нь Үндсэн хуулийн 10.1.2 болон 15.2, 16.18 дахь хэсгийг тус, тус зөрчсөн гэж үзээд иргэн Б.Отгонпүрэв, Б.Баасансүрэн нарын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Тухайн иргэд Цэцэд гаргасан мэдээлэлдээ УИХ-ын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дээрх хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгөхийг ийнхүү хүсжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоодог албан тушаалтан огтоос биш гэдгийг ч дурдсан байна.

“Үндсэн хуулийн 15.2-т “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж маш тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн энэ зарчмын дагуу аливаа хэрэгт буруутгагдсан этгээдийг шүүхээс ч эх орноос нь хөөж болохгүй, боломжгүй. Магадгүй шүүхээс хэн нэгнийг гэм буруутай гэж үзсэн ч эх орноос нь хөөх гэдэг ял шийтгэл байхгүй байтал УИХ-ын гишүүн нь тодорхой хүнийг эх орноос нь хөөхөөр ард түмэндээ амлалт өгч буй нь зүй ёсны үйлдэл огт биш. Монгол Улсын бүх иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-т зааснаар “Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” ба уг эрхийг Монгол Улсын Их хурлын гишүүн нь эдлүүлэхгүй байх, улмаар эх орноосоо хөөхөөр мэдэгдсэн нь Үндсэн хуульт ёсонд халдсан үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Их хурлын гишүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуульд бүрнээ нийцдэг байх, тангарагаа зөрчдөггүй байх учиртай гэж үзэж байна. Гэвч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь нийгэмд үүссэн тодорхой нэг асуудлаар, тухайлсан нэг, эсхүл хэд хэдэн хүнийг нүүрсний гэж нэрлэсэн тодорхой бус хэрэгт холбоо хамааралтай гэх ойлголтыг нийгэмд өгөх замаар тэдгээр этгээдүүдийг “Эх орноос нь хөөнө, эх орноосоо хөөнө” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүний хувьд зөвшөөрч эс болох үйлдэл гэж үзэж байна” гэжээ. Ингэж Үндсэн хуулийн холбогдох заалтууд төдийгүй олон улсын нэгдэн орсон зарчим, хэм хэмжээг ч илтэд зөрчсөн үйлдэл болсон гэж тэд үзжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна