ЗАСГИЙН ГАЗАР VS “РИО ТИНТО”: Төртэй тэрсэлдсэн хөрөнгө оруулагчдын түүх

Zuv.mn
2 цаг 31 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-д Монголын татварын байгууллагаас тавьсан 1.2 их наяд төгрөгийн татварын асуудлаар Арбитрын шүүхэд хандаж, хурал нь саяхан болж өнгөрсөн билээ.

Олон жил сунжирсан энэ асуудлаар Арбитрын шүүхийн шийдвэр удахгүй гарна. Түүнчлэн, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг “Рио Тинто”-гоос өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлсэн асуудлыг эргэн харж, зээлийн хүүг бууруулах хэлэлцээр удахгүй хийгдэнэ.

Цаашлаад гэрээнд дорвитой өөрчлөлт оруулж, 34 хувиа тусгай АМНАТ-аар солих асуудлыг хөндөх ёстой гэсэн байр  суурь ч илэрхийлэгдэж буй.

Тэгэхээр, хэдий Оюутолгой манай хамгийн том төсөл, Рио Тинто манай хамгийн том түнш ч гэлээ, Монгол Улс эрх ашгийнхаа төлөө тууштай тэмцэх л ёстой. Засгийн газар, УИХ-аас гаргасан Ажлын хэсэг ажлаа зоригтой, итгэлтэй хийж байгаа нь бид зорьсондоо хүрнэ гэсэн найдварыг төрүүлж байна.  

“Рио Тинто” бол хувийн хэвшил. Харин Засгийн газар бол төр. Оюутолгойн ашиглаж байгаа баялаг Монголынх. Тийм ч учраас ийм асуудал дээр ямагт Засгийн газар давуу талтай.

Бусад улс оронд ч ийм байдаг учраас гадны томоохон хөрөнгө оруулагчид Засгийн газартай гэрээ хийхээс зайлсхийх хандлагатай, Засгийн газар хөрөнгө оруулагчдын хооронд гэрээ байгуулагдах нь ховор аж. Тиймээс “Рио Тинто” Монголын Засгийн газартай харилцсан нь ихээхэн эрсдэлтэй алхам байсан гэдгийг ойлгож, үнэлэх ёстой.

Гэлээ гэхдээ, илт хохироож элэг барьж болохгүй учраас одоо байранд нь тавих цаг болсон.  

Засгийн газрууд Үндэстэн дамнасан том компаниудыг байранд нь тавьсан жишээ ч байна.

Газрын тосны Shell корпораци “Сахалин-2” газрын тосны төсөлд хөрөнгө оруулахаар тохирч ОХУ-ын Засгийн газартай хийсэн гэрээний түүх. “Shell” компани ордод оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг анх тохирсноосоо хоёр дахин нэмэгдүүлж байгаагаа 2006 онд зарласны дараа Кремлийн зүгээс эрс хатуу шаардлагуудыг тавьж эхэлсэн байдаг. Яг л манай Оюутолгой төсөл шиг. Ялгаатай нь, Shell хөрөнгө оруулалтын хэмжээг шууд хоёр дахин нэмэгдүүлсэн, Рио Тинто Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг шат дараалан өсгөсөөр хоёр дахин нэмсэн. Оросууд тэр үед мөн л хөрөнгө мөнгөгүй байв.

 Анхны хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэнээр ашгаа авах хугацаа нь улам л хойшилжээ. Кремль энэ үед гэрээгээ эргэн харах шаардлагыг тавиад хүлээж авахгүй болонгуут шууд тусгай зөвшөөрлийг нь цуцалж, ордын хувьцааны ихэнхийг төрийн өмчит “Газпром” компанид худалдах ажлыг зохион байгуулсан билээ. 

Shell, Mitsui & Co компаниуд ийнхүү 7.5 тэрбум ам.долларын хувьцаагаа худалдахаас өөр аргагүй болж ашигтай төслөө алджээ. Тэдний хүлээсэн хохирол үүгээр ч зогссонгүй. Ордын орчимд амьдардлаг загасчид гомдол гаргаж, хөрөнгө оруулагчид байгаль орчинд хор хохирол учруулсан хэргээр их хэмжээний төлбөрт унасан түүхтэй. Тэдний балгаар нутгийн оршин суугчдын гол амьжиргаа болсон загасны зарим нь  устаж, зарим нь дайжиж алгаболжээ. Сахалин хавийн загасны аж ахуйнууд тэр үеэс хойш сэргэлт авч амжаагүй л байгаа юм.

Хөрөнгө оруулагч, Засгийн газар хооронд маргаан дэгдсэн бас нэг ойрын жишээ нь Казахстаны Кашаганы хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон асуудал юм. Ордыг анх нээгдэх, олборлолт явуулж эхлэх үед Казахстаны Засгийн газар маш олон төрлийн хөнгөлөлтүүдийг олгодог байжээ. Гэхдээ манайх шиг 30 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй. Ордын ашиг 57 тэрбумаас 136 тэрбум ам.доллар болж нэмэгдсэний дараа Засгийн газар хувь нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэн байгаа юм. 

Гурван жил үргэлжилсэн энэ маргаан 2008 онд шийдэгдэж, төсөлд хөрөнгө оруулсан Eni, Shell, Total, Exxon Mobil, ConocoPhillips, Inpex компаниуд шаардлагуудыг хүлээж авч, Казахстаны төрийн өмчит “Казмунайгаз” компанийн эзэмших хувийг 8.33 хувь байсныг 16,81 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зөвхөн хувь нэмэгдүүлээд ч зогсохгүй, операторын үүрэг гүйцэтгэж байсан Италийн Eni Agip KCO компанийн оронд өөрсдийн шаардлагад нийцсэн Норт Каспиан Оперейтинг хэмээх компанийг оруулж ирсэн ажээ. 

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлаар олон гомдол ирж, энэ дагуу олон сая ам.долларын торгууль ч тавигдаж байв. Товчхондоо Засгийн газар хөрөнгө оруулагчдыг буулгаж авсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна