Эрх баригчдын "ЗОДООН"-оос болж Оюутолгойн зээлийн хүүг бууруулах боломжоо алдах уу

С.Гандэлгэр
4 цаг 31 минутын өмнө

МАН-ын талцал хуваагдал савнаасаа хальж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын тэмцэл болон үргэлжилж, засаглалын хямрал руу чиглээд эхэллээ.

2026 оны Улсын төсөв, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, Онтрэ гоулд, Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээр, өвөлжилт, Хөдөө аж ахуйн тухай хууль зэрэг үй олон асуудал УИХ, Засгийн газрыг хүлээж байна.  

2025 он бол Монгол Улсын хувьд маш чухал жил. Оюутолгойн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор томоохон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдаж, 6.1 тэрбум долларын зээлийг “Рио тинто”-гоос 11.1 хувийн хүүтэй авсан байдаг. Тус компани олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгож, Оюутолгойд өндөр хүүгээр өгч байгаа нь манай улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа юм. 

Энэ өр нь хүүгээс хүү бодсоор 12 тэрбум ам.долларт хүрсэн. Зээлийн хүүг нь өөрчлөх боломж энэ онд тохиож байгаа. Он гарахаас өмнө зээлийн хүүг бууруулж чадахгүй бол дахин долоон жил 11.1 хувийн хүү төлсөөр байх юм. 

Гэтэл МАН дотроо хоёр хуваагдаж нэг хэсэг нь УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцохоор гарын үсэг цуглуулж, нөгөө хэсэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан бөгөөд тус асуудлыг маргааш /2025.10.09/ хэлэлцэх товтой байна.

Сандал суудалны хэрүүл, эрх мэдлийн төлөөх маргаанаас үүдэж УИХ-ын үйл ажиллагаа ч тасалдаж, Засгийн газар ч ажлаа хийж чадахгүйд хүрсэн нь нууц биш. Өнгөрөгч долоо хоногт УИХ бараг хуралдаагүй, өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаагүй. Засгийн газрын хуралдаан ч богино хугацаанд болсон гэх мэтээс харвал ажил урагшлахгүй байгаа нь харагдана. 

Нэгэнт МАН-ынхны эрх мэдлийн төлөөх "зодоон, институц хоорондын зөрчил болсон учраас энэ асуудал шийдэгдтэл тэднээс юм хүлээлтгүй болох нь... 

Учир нь дээр дурдсан асуудлууд тийм ч амархан шийдэгдчихгүй. Төрийн бодлого, тэднийг удирдаж байгаа улс төрчид нэг зүгрүү харж байж Оюутолгойн зээлийн хүүг бууруулахаас эхлээд шийдэх боломжтой. 

Араас нь ирэх оны улсын төсвийг батлах, Оюутолгойн ордын нийт баялгийн 32 хувийг эзэмшиж, түүнийхээ 80 хувийг "Рио Тинто"-д өгөхөөр тохирсон "Онтрэ" ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 34-51 хувиа олж авах цаг хугацаатай уралдсан ажлууд хүлээж байдаг. 

Энэ он дуусахад л Оюутолгойгоос ногдол ашиг авч чадахгүй, бүр өртэй хоцрох, цаашлаад "Онтрэ" ХХК болон түүний ард байгаа Монголын олигархиудад ялагдах, Баялгийн сангийн тухай хууль цаасан дээрээ үлдэх эрсдэл шил, шилээ дарж байна.

Ийм чухал үед эрх баригч, сөрөг хүчин аль, аль нь УИХ-ын үйл ажиллагааг доголдуулж байгаа нь Ард түмнийхээ эрх ашгаас урвасан хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо болж байгаа үйл явдлууд бүхэлдээ УИХ, Засгийн газар “Оюутолгой”, “Онтрэ”-гийн асуудлыг шийдвэрлэх чадамжгүй болгоход чиглэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна