"Чайна Энержи"-тэй хийсэн гэрээг хуульд заасны дагуу ил болгохыг С.Бямбацогт нарын сайд нарт даалгажээ

С.Гандэлгэр
4 цаг 0 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болгосон талаар бид өмнө мэдээлсэн. 

Эхний ээлжинд “Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгосон. 

Харин Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих болон нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний төсөл, ерөнхий нөхцөлийн талаар болон уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна Энержи” компани хооронд хийсэн яриа хэлэлцээтэй холбогдох албаны нууцад хамаарах баримт бичгийг ил болгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нарт тус тус даалгасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна