УИХ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлнэ

Zuv.mn
8 цаг 6 минутын өмнө

Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбоотойгоор П.Сайнзориг нарын гишүүдээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ өнөөдрөөс албан ёсоор хэлэлцэж эхэлнэ. 

Саналыг эхлээд  Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлогдсон байна. Залгуулаад шууд 16.00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. 

ТББХ хамгийн олон буюу нийт 32 гишүүнтэй. Ердийн олонхоор ирц үүсэх буюу 17 гишүүн ирсэн тохиолдолд ирц хүрсэнд тооцно. Намын бүлгийн гишүүдэд суудал хуваарилагддаг учир хуралдаанд бүх намын төлөөллүүд багтана. Түүнчлэн ТББХ-ны санал хураалтыг ил явуулахаар тогтсон.

Гишүүдээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир, О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Зулпхар, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Л.Гантөмөр, Э.Одбаяр, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан, огцруулах бичигт гарын үсэг зурсан байна. 

Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, М.Бадамсүрэн, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Хэрлэн Ц.Идэрбат, Д.Энхтуяа нар эсрэг байр суурьтай байв. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын асуудал ямар ч байсан ТББХ-г даваад Чуулган руу орж ирнэ. Тэнд харин АН-ын гишүүдийн байр суурь хамгийн чухал болох юм. Намын дарга О.Цогтгэрэл АН бүлгийн шийдвэр гаргана гэж мэдэгдсэн нь ийм хүлээлт үүсгэж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна