Засгийн газрын шийдвэр гарснаас хойш "Нүүрсний" нэг ч гэрээ ил болоогүй байна

Х.Есү
6 цаг 32 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг бүхэлд нь ил болгосон билээ. Гэвч түүнээс хойш нэг ч гэрээг олон нийтэд танилцуулсангүй.

Эхний ээлжинд гэсэн тодотголтойгоор 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор нууцаас гаргасан, тухайн цаг үедээ олон нийтэд мэдээлэгдэж, холбогдох этгээдүүд буюу “Бодь” группын Б.Баясгалан тэргүүтнүүд мэдээллээ өгчихсөн хоёр гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайтад байршууллаа.

Гэтэл олон нийтийн харахыг хүсэж байгаа гол гэрээ бол Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын төмөр замын гэрээ. Яагаад гэвэл энэ гэрээг хулгай луйврын гэрээ болсон гэдэг суртал ухуулга газар авсан.

Өнөөдөр талбай дээр Нүүрсний хулгайчдын эсрэг жагсаал болох сурагтай. Жагсаал бол тэр чигээрээ эрсдэл байдаг. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүснэ. 

Гэтэл Ерөнхий сайд нь “Хууль, журмынх нь дагуу ил болго” гэж үүрэг өгчихөөд, ард иргэд нь хэлхэн жагсахыг хараад сууж байна гэдэг тоглоом биш шүү.  

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нууц мэдээллийг ил болгох журмыг Засгийн газар баталдаг юм байна. Тэр журмыг нь нээлттэй эх сурвалжаас лав олж үзсэнгүй. Тиймээс Журамд зааснаар яг хэзээ ил болгох боломжтойг хугацаатай нь хэл, эс бөгөөс “Миний тэргүүлсэн Засгийн газрын үед гаргасан шийдвэр одоогоор амьдралд хэрэгжээгүй, шийдвэрийн дагуу нэг ч оффтейк гэрээг олон нийтэд ил гаргаагүй байна” гэдгээ хэл, Ерөнхий сайд аа. 

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ

19 дүгээр зүйл. Төрийн болон албаны нууцыг ил болгох үндэслэл, журам

Хэвлэх

19.1.Төрийн болон албаны нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:

19.1.1.нууцлах хугацаа дуусгавар болсон;

19.1.2.нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;

19.1.3.тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон;

19.1.4.мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.

19.2.Төрийн болон албаны нууцыг энэ зүйлийн 19.6-д заасан журмын дагуу ил болгоно.

19.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

19.4.Энэ хуульд заасны дагуу мэдээллийг нууцлах хугацааг сунгаагүй бол тогтоосон хугацаа дуусмагц мэдээллийг нууцалсан, эсхүл хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу ил болгоно.

19.5.Энэ хуульд заасны дагуу ил болсон түүх, эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн болон лавлагааны ач холбогдолгүй мэдээлэл тээгчийг зохих журмын дагуу устгана.

19.6.Төрийн болон албаны нууцыг ил болгох журмыг Засгийн газар батална.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна