Баасан гарагт эхэлж, П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцсэн ТББХ-ны хуралдаан өнөөдөр 11.00 цагаас үргэлжилнэ.
Гишүүд асуулт асууж, хариулт авсан, үг хэлэх гишүүд л үлдсэн тул үндсэндээ өнгөрсөн хугацаанд ил болсон гэх, бүрэн бус баримтуудыг яриад санал хураана. 32 гишүүнтэй Байнгын хорооны хуралд 17 гишүүн ирэхэд ирц бүрдэж, олонх дэмжихэд асуудал Чуулган руу орно.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан.
Дээр нь Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Энэ тохиолдолд хоригийг хүлээж авахгүй байх босго өндөрсөнө.
Ингээд бодохоор асуудал хуулийн хугацаагаар тооцоход л их цаг авахаар байна. Гэтэл төрийн ажил энэ асуудлаас болоод хэдийнэ 10 шахам хоног зогсонги байдалд орсон. Дээр нь, буцаж байгаа цаг биднийг хүлээхгүй байдалтай тулсан. Төсөв тулсан, "Рио Тинто", Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээр тулсан. Өвөл тулсан.
Энэ нөхцөл байдлыг бодолцсон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдын асуудлыг өнөөдөртөө багтааж дуусгах санал гаргаад байна.
Өөрөөр хэлбэл, ТББХ-ны дараа чуулган хуралдаж асуудлыг авч хэлэлцээд шууд кнопдох замаар асуудлыг өнөөдөртөө нэг талд нь гаргана гэсэн үг.
Тэгэхээр асуудал өнөөдөртөө шийдэгдэх боломжтой бөгөөд бид өмнө нь бичиж байсанчлан, АН-ын байр суурь үүнд чухал үүрэгтэй.
Одоогийн байдал гэвэл, АН-ын ҮБХ-ны хурлаас ч өмнө Г.Занданшатартай тохироо хийсэн гэх намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг дэмжиж, түүнийгээ чуулганд оролцуулахгүй байдлаар цэвэрхэн хийх хүсэлтэй. Эсрэг талд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан Х.Баттулгын гэгдэх гишүүд Чуулганд оролцож саналаа өгнө.
МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Харин ТББХ-ны хуралдаан 11.00 цагаас. Хэлэлцэх асуудлыг бодолцвоос ТББХ-ны хуралдаан хойшилж ч мэдэхээр. Ямартай ч хоёр намын бүлгийн хуралдаан дуусахад асуудал нэлээд тодорхой болсон байх нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.48
Дарга нар нь МАН аа шавартай хутгалаа даа дахин өндийхэд ч хэцүү дээ!!!АН ынхан бөөн баяр тэмдэглээрэй
Хариулах