Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар оролцлоо.
Хоршооллын салбарын хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр, технологийн хөгжлийн хамтарсан санаачилга, зах зээлийг дэмжих бодлогоор хамтын ажиллагааг хөгжүүлж, хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах нөхцөл бүрдэнэ. Хоршоодыг тухайн улс, орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих, хэрэгцээтэй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, инновацын чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллана.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулсан. Энэ хэлэлцээр нь хоршооллын салбарыг эдийн засаг, боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтийн чиглэлээр хөгжүүлнэ.
Тус тусын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон хэмжээний гамшгийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тусламжийн хангамжийг шуурхай зохион байгуулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бусад үед ч хүмүүнлэгийн тусламж, туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаа хамтран зохион байгуулах боломж бүрдлээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зам, дэд бүтэц, соёл, олон нийтийн болон боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах, тэдгээрийг сайжруулах, засварлах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
VIII Богд Жавзандамба хааны өвлийн ордныг энэтхэгийн талтай хамтран сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, гадаад, дотоод орчныг сайжруулах, үзүүлэн дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэх, үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ.
Хоёр улсын нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны хөгжлийг дэмжих зорилго бүхий хэлэлцээрийн хүрээнд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий бүс, талбайд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх, гео шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах, эрдэс баялаг болон байгаль орчны менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллана.
Хоёр орны сонгодог болон ардын урлагийн талаарх ойлголтыг харилцан дэлгэрүүлэх, урлаг, соёлын өвийг хамгаалах, эртний хөшөө дурсгал, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, археологийн олдворыг сэргээн засварлах, алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан нийтлэх, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Хоёр улсын цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны үндсийг тавилаа. Ингэснээр талууд албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ.
Орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор үндэсний урлаг, соёл, спорт, боловсролын салбарт хамтран ажиллах боллоо.
Цахим шилжилтийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлага, холбогдох материал, мэдээлэл солилцох, Техник, эдийн засгийн үндэслэл болон цахим бэлэн байдлын үнэлгээ хийх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна