БНСУ-ын алдарт “BLACKPINK” хамтлагийн дуучин Лиза “Netflix”-ийн бүтээх “Тайго” хэмээх кинонд тоглохоор болжээ. “Netflix” өнөөдөр энэ талаар албан ёсоор зарлалаа. Киноны эрэгтэй гол дүрийг БНСУ-ын бас нэгэн алдартан болох Ма Дун Сог бүтээх юм байна.
Одоогоор "Extraction: Taigo" хэмээх нэртэй уг киноны найруулагчаар И Сан Ён, гол дүрд Лиза, Ма Дун Сог, И Жин Үк нар тоглоно.
Кинонд багаасаа өнчин өрөөсөө өссөн Тайго хэмээх хөлсний цэрэг өөрийхөө гэр бүлийн гишүүн шиг хайрладаг нэгийг нь гэмт бүлэглэл хулгайлсны дараа аврахаар амь дүйсэн тэмцэл хийж байгаа талаар өгүүлэх аж.
Тайгогийн дүрд Ма Дун Сог, Тайгогийн дайсан гэмт бүлэглэлийн толгойлогч Арманд Чойгийн дүрд И Жин Үк, Тайгогийн найз Лиагийн дүрд Лиза тоглох ажээ.
“Nova Films” болон “B&C Group” продюсерлэж, Ма Дун Согийн “Big Punch Pictures” Netflix-ийн AGBO студи бүтээх юм байна.
Ма Дун Сог шинэ төслийнхөө талаар “AGBO-той олон жил ярьсан энэ төсөл эцэст нь хөдөлсөнд баяртай байна. Энэ бүтээл дэлхийн кино ертөнцөд Солонгосын өвөрмөц хэв маяг нэмэх болно” гэсэн байна.
Харин төслийн гол баатар болоод буй Лиза "Ийм авьяаслаг жүжигчидтэй хамтран ажиллах боломж олдсонд талархаж байна. Экшн кинонд тоглохыг олон жил мөрөөдсөн. Ийм гайхалтай төслөөр биелүүлж байгаадаа баяртай байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна