Оюутолгойн сонсгол: Хянан шалгах түр хорооны шинжээч юу хэлэв ?

С.Гандэлгэр
2 цаг 47 минутын өмнө

"Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Хянан шалгах түр хорооны хурлын эхэнд "Оюутолгой" төслийн ерөнхий танилцуулгыг шинжээч дараах байдлаар танилцууллаа.

Танилцуулгад, "Оюутолгойн орд нь 6.3 тэрбум гёологийн нөөцтэй. Зэсийн агууламжаараа баялаг орд болох нь харагдаж байгаа. 


 
Зэс үйлдвэрлэлийн хувьд 2024 оны байдлаар дэлхийн шилдэг 20 зэс үйлдвэрлэгчээс 12-т жагсаж байна. Гүний уурхай энэ жил бүрэн ашиглалтад орсноор гуравдугаарт эрэмбэлэгдэнэ. 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн бүлэг ордод хамруулсан боловч хил заагийг тогтоолгүй байсаар 2025.04.09-нд хил заагийг тогтоосон. Засгийн газар болон Рио тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг Онтрэ компани болон Оюутолгой компанийн байгуулсан гэрээний нөхцлийг та бүхэнд харуулъя. 

2009 онд байгуулсан Засгийн газар болон Рио тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүү 11 хувь байхаар тохиролцсон бол Онтрэ компани болон Рио Тинтотой 6.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна. АМНАТ-ыг манай тал борлуулалтын үнэлгээний 5 хувь гэж тооцсон бол Онтрэ компани 2 хувь гэж төөцсөн. 

Менежментийн төлбөр манай тал 6 хувь гэж тохирсон бол Онтрэ компанит 1-2.5 хувь гэж тохирсон. Мөн манай тал борлуулалтын эрхгүй байхад Онтрэ компани борлуулалтын эрхтэй байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтаар батлагдсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх хугацааг 7 жил тутам гэж заасан энэ нь 2025 онд тохиож байгаа. Эхний долоон жил 2018 онд тохиосон боловч зээлийн хүүг бууруулж чадаагүй. Тухайн үед төслийн явц 46 хувь байсан буюу эрсдэлтэй гэж тооцогдож байсан. Харин 2025 онд эдгээр үзүүлэлтүүд сайжирсан байгаа. Тухайлбал төслийн явц 99.8 хувьтай байна. 

2025 онд Риотинто компанид 4.3 их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр байгаа бөгөөд энэ нь өдөрт 10 тэрбум төгрөг байгаа юм" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна