Багтраатай “домог”

Х.Батсайхан
2 цаг 13 минутын өмнө

Өнөөдөр хөшгөө хааж буй “Милан Кортина 2026” өвлийн олимпын 25 дугаар наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн бүх төрөл зайд Норвегийн Йоханнес Клэбо түрүүлж, олимпын 11 алтан медальтай болон бүх цаг үеийн манлай тамирчин болсон билээ.

Тодруулбал, тэрбээр өвлийн олимпын түүхэнд тодорсон домгууд болох, найман алтан медальтай биатлонч Оле Эйнар Бьорндален, цаначин Бьорн Дэли, Марит Бьорген нарыг гүйцэж түрүүлсэн. Гэсэн ч түүний энэ амжилтыг сүүдэрлэх хоёр зүйл байгаа нь нэгд, гол өрсөлдөгч ОХУ-ын А.Большунов олимпын наадамд оролцоогүй, хоёр дахь нь одоо ч маргааны сэдэв болж буй багтаа өвчин нь юм.

А.Большунов   

Цар тахал, ОХУ-ын спортод тавьсан хоригоос болоод спортын ертөнцийнхний алдсан хамгийн харамсалтай боломжуудын нэгэнд ОХУ-ын Александр Большунов, Норвегийн Йоханнес Клэбо нарын өрсөлдөөн зүй ёсоор тооцогддог. Йоханнес хэдий цанын спортод сүүлийн найман жилийн турш хаанчилж байгаа гэгддэг ч ОХУ-ын Болшунов түүнийг хамгийн олон удаа ялж, олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхээ хасуулсан 2022 онд түүнээс бараг илүү гарчихаад байсан юм. Хамт уралдсан хамгийн сүүлийн ДАШТ-д гэхэд л барианы өмнөхөн нэг, хоёрдугаарт явж байсан Йоханнес Клэбо А.Большунов нар шүргэлцэж, Йоханнес нь Александрынхаа таягт хүрч, үүнээс болоод орос эрийн таяг хугарсан бөгөөд оросууд зарга бичээд дийлж, Й.Клэбог тэмцээнээс хасуулсан байдаг.


Зохион байгуулагчид Йоханнесыг спортын бус үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрсөн ч нэг таягтай А.Болшуновыг амархан гүйцсэн Эмиль Иверсэн түрүүлж, А.Большунов мөнгөн медальтай үйлдсэн байдаг.


Түүнчлэн, орос эр эрхээ хасуулахынхаа өмнө “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр тэргүүлсэн байсныг ч энд дурдах ёстой байх /Гэхдээ Норвегийн баг нэг бус гарааг өнжсөн байдаг/.  

Тиймээс А.Большуновгүй олимп спорт сонирхогчдын хувьд ч, Йоханнесын хувьд ч амт муутай болсныг хүлээн зөвшөөрөх болов уу.

Багтраа

Йоханнес Клэбо багтраатай. Өвчтэй хүн эрүүл хүмүүсийг ялан дийлж буй нь энгийн үед бол бахархал, ялалтыг илүү үнэ цэнэтэй болгох хүчин зүйл байсан байх. Гэвч цанын спортын тухайд үгүй.

Багтраа өвчинд уудаг вентолин, сальбутамол зэрэг эм хориотой эмийн жагсаалтад ордоггүй. Гэсэн ч ямар нэг байдлаар допингтой ижил үйлчилгээ үзүүлдэг юм биш байгаа гэдэг асуулт тавигдаад олон жил болж байна. Оросуудын хардлага үнэхээр бодитой гэдгийг эхлээд хэлэх нь зөв байх.

Цана, мэргэжлийн дугуй, гимнастик, хөлбөмбөг гээд өндөр ачаалалтай тэсвэр шаардсан спортын тамирчид багтраатай байх явдал түгээмэл болоод байна. Мэргэжлийн дугуйн спортод өндөр амжилт гаргаж буй тамирчдын талаас илүү нь багтраатай.

Норвегийн цанын тамирчдын бараг тал нь, өндөр амжилт үзүүлэгсдийн ихэнх нь багтраа өвчтөнүүд байх жишээтэй. Шигшээ багийн эмч нар нь багтрааны эсрэг эмийг тамирчдаа эмчлэх биш харин “сэргээх” гэж хэрэглэдэг. Тус улсын шигшээ багийн гишүүн асан Сири Халле вентолин эмийг амьсгалын эрхтний өвчинд биш сэргээш болгон хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Бусад эрүүл цаначиддаа ч тэсвэр хатуужлыг нь нэмэгдүүлэх зорилгоор багтрааны эсрэг эм, тариа хэрэглэдэг байжээ. Сири Халле энэ эмийг хэрэглэхээс татгалзсан тул шигшээ багаас хасагдсан байна. Норвегийн цанын од Мартин Сундбюгийн сорьцноос илэрсэн багтрааны эсрэг сальбутамол бэлдмэлийн хэмжээ Олон улсын агентлагаас тогтоосон хэмжээнээс 9 дахин их байв. Энэ байдал өрсөлдөгч багийнхны дургүйцлийг төрүүлдэг нь тодорхой. Тухайлбал, Финландын Допингийн эсрэг агентлагийн генсек Харри Свисалим “Багтраа өвчтөнүүд Норвегид доод тал нь 42 олимпийн медаль авч өгсөн. Мартинд оноосон 2 сар тэмцээнд оролцох эрхийг нь хассан шийдвэр дэндүү хөнгөхөн” хэмээн мэдэгдэж байв.

TV2 теле сувгаар цацагдсан мэдээллээс үзвэл норвегичууд 2011 оноос эхлэн цана, биатлоны шигшээ багийн 25 тамирчин дээрээ багтрааны эм туршжээ. Ингэхэд тамирчдын амжилт геометр прогрессоор өссөн аж. Туршилтад оролцсон тамирчдын хоёр нь болох Тереза Йохауг, Дидрик Тонсет нарын хэлснээр, тэд эм хэрэглэж эхлэх үедээ цоо эрүүл байсан гэнэ. Гэсэн ч эм амьсгалын замыг нь илүү чөлөөлж өгч байсан тул амжилтыг нь эрс дээшлүүлсэн гэсэн байна.

Й.Клэбогоос өөр багтраатай домгууд

Норвегийн цаначдын 1993-2016 онд том тэмцээнээс авсан медалийн 70 хувийг багтраатай тамирчид авчээ. ARD телевизийн нэвтрүүлэгт энэ талаар илүү тодорхой тоо баримт дурдсан нь бий. Тухайлбал, 2006 оны Турины олимпийн цанын тэмцээнд оролцогчдын 7.7 хувь нь агтраа өвчтэй байсан бол медаль хүртсэн тамирчдын 14.4 хувь нь ийм өвчтэй байжээ. Медаль хүртсэн тамирчдын 7.7 хувь нь багтраа өвчтэй байсан гэнэ. Дараа нь гарсан мэдээллээр бол норвегичууд 2011 оноос хамаагүй өмнө буюу 1993 оноос л тамирчдаа “эмчилж” байсан нь тодорхой болсон юм. ОХУ-ын тухайд, Норвегийн биатлоны шигшээ багийн лидерүүд болох Оле Эйнар Бьорндален, Тора Бергер нар багтраа өвчтэй гэсэн мэдээлэл 2000-аад оноос л цацагдаж, тамирчид өөрсдөө юм хэлдэггүй байв. Хожим дээрх хоёр тамирчин багтраагүй болох нь батлагдсан байдаг. Дараа нь Сундбюгийн хэрэг дэгдсэн юм. 

Йоханнес Клэбогийн том амжилтууд 

  • Олимпын наадмын 11 алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт (2018, 2022, 2026)
  • ДАШТ-ий 15 алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт (2017, 2019, 2021, 2023, 2025)
  • «Тур де Ски» тэмцээний таван удаагийн аварга, (2019, 2022, 2023, 2025, 2026) нэг хүрэл (2020) медальт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна