Х.Нямбаатар: Хүүхдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж, зөв дадалтай болгох нь чухал

Х.Есү
4 цаг 11 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн нийгмийн салбарын байгууллагуудад ажиллаж байна. Энэ үеэр Монголын хүүхдийн ордонд ажиллалаа. Монголын хүүхдийн ордны 24 төрлийн 37 дугуйланд жил бүр 62 мянга гаруй хүүхэд суралцдаг. 2025 онд нийт 150 мянган хүүхэд суралцаж төгсжээ. 

Мөн нийслэлийн долоон дүүрэгт 27 байршилд хүүхдийн ордны үйл ажиллагаа салбар дугуйлангуудаар дамжин хүүхдүүдэд хүрч байна. Монголын хүүхдийн ордноос жил бүр улсын чанартай 15 төрлийн томоохон уралдаан тэмцээн зохион байгуулдаг, 20 гаруй улсад 300-400 хүүхэд олон улсын арга хэмжээнд оролцдог байна.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордны барилга 1984 онд ашиглалтад орсон 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд барилгын урсгал засварыг тогтмол хийж, барилгын насжилт уртассан. Мөн барилгыг бүхэлд нь шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж байгаа. Бидний хувьд багш, ажилчид, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 

Монголын хүүхдийн ордны өргөтгөл Спортын төрөлжсөн цогцолбор барих асуудал удаан яригдсан. Харин 2025 оны долоодугаар сард зураг төсвийг баталсан. Тус спорт цогцолборт усанд сэлэлт, жүдо, үндэсний бөх, самбо, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, уран гимнастик, спорт бүжиг, хаданд авиралт, хөнгөн атлетик зэрэг 16 төрлийн дугуйлан хичээллүүлж, 40 мянга орчим хүүхдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Спорт цогцолбор барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг энэ сарын 17-нд шалгаруулна” гэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн хоёр жилд нийслэлээс дэд бүтцийн төслүүдэд түлхүү анхаарч ажиллалаа. 2026 онд бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна хүний хөгжил, нийгмийн салбарын байгууллагуудаа дэмжинэ. Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг өргөтгөх ажил хийгдэж байгаа. Сургуулиудад спортын цогцолбор барьж байна. Монголын хүүхдийн ордон хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлж буй олон жилийн түүхтэй байгууллага. 

Нийгэм, соёлын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгож, онлайн сургалт зэргийг дэмжих нь зүйтэй. Нийгмийн салбарын байгууллагууд олон талт үйл ажиллагаа явуулж, орлогоо төлөвлөж, хүртээмжээ нэмэгдүүлэх менежмент хийх хэрэгтэй. Хүүхдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж хөгжүүлэх, зөв дадалтай болгох, дүүргийн хүүхдүүдээ дугуйланд хэр хамруулж байгаа зэргээр нь дүүргүүдийг үнэлэх, хүний хөгжлийг үнэлэх хэрэгтэй байна” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна