СУРВАЛЖИЛГА: Махны үнийн өсөлт иргэдийн нуруунд “хүнд ачаа” болж байна

Х.Есү
1 цаг 48 минутын өмнө

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа махны үнэ огцом өссөн нь иргэдийн амьжиргаанд бодит дарамт учруулж байна. Өдөр тутмын хэрэглээний гол хүнсний нэг болох махны үнэ ийнхүү нэмэгдсэн нь өрхийн төсөвт шууд нөлөөлж, худалдан авах чадвар буурахад хүргэж байгаа талаар иргэд хэлж байна.

Зах, худалдааны төвүүдэд үхрийн болон хонины махны үнэ харьцангуй өндөр хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 34,500 төгрөг, ястай мах 28,500 төгрөг, харин хонины мах 24,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өмнөх үеэс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.

Иргэдийн зүгээс цалин орлого нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ, ялангуяа махны үнэ өсөж байгаа нь амьдралд хүндрэл учруулж байгааг онцолж байлаа.

Бид махны үнэ болон иргэдийн амьдралыг сурвалжлахаар Дэнжийн 1000 буюу Хүчит шонхор худалдааны төвийг зорилоо. Зах хөл хөдөлгөөн багатай иргэд аль газарт нь махны үнэ хямд байгааг бие биеэсээ сураглан алхана. Махны худалдагч нар “махаа хямдруулаад аваарай. 50-100 төгрөг татаад өгч болно шүү” хэмээн зогсоцгооно.

“Махны үнэ цаашдаа нэмэгдэхгүй байгаасай”

Хонины мах 5540 төгрөгийн үнэтэй байна

Худалдагч Н: Махны үнэ өссөн. Үхрийн цул мах кг нь 32500 төгрөг болсон. Иргэд махаа бөөндөж авч чадахаа больсон. Ганц хоёрхон өдрийн хоолны махаа л арай гэж авч байна.

Бид ч адилхан шүү дээ. Зарим иргэд мах хэтэрхий үнэтэй байна гэж уурлаж байна. Тийм байлаа гээд худалдагч бид нар яах билээ дээ. Одоо цаашдаа дахиад үнэ нь битгий нэмэгдээсэй л гэж бодож байна.

“Махны үнийг дийлэхгүй зүрх, цувдай авч өдрийнхөө хоолыг залгуулж байна”

Иргэн У: Мах их үнэтэй байна. Зүрх, цувдай авч өдрийнхөө хоолыг залгуулж байна. Махны үнийг дийлэхгүй байна шүү дээ. Хаана арай хямдхан байна гээд сураглаад л явж байна. Бензиний үнэ нэмэгдэх сургаар бүх юмны үнэ өсөж байна. Нэг талх авсан ч үнэ нь нэмэгдсэн байна шүү дээ. Иргэдийн амьдрал хүнд байна.

“Махны үнэ тэнгэрт хадаж, цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй элгээрээ хэвтэж байна”

Иргэн О: Хэдхэн сарын өмнө кг мах 20 гаран мянган төгрөгийн үнэтэй байсан шүү дээ. Захаар л 2000-3000 төгрөгийн татуу байгаа болохоос том дэлгүүрүүдээр бүр үнэтэй байгаа. Цалин хөлс нь нэмэгдэхгүй мөртлөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхаар ард түмний амьдрал улам л хэцүү болж байна.

Махны үнэ тэнгэрт хадаж, цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй элгээрээ хэвтэж байна. Дарга нар нь ард түмнээ биш сандал суудлаа л ярьж байгаад дургүй хүрч байна. Ард түмнийхээ амьдралыг дээшүүлээч ээ. Иргэдээ бод.

       “Турж үхэх юм байна л даа”

Иргэн А: Махны үнэ хэтэрхий их нэмэгдсэн байна. Турж үхэх юм байна л даа. Махны үнэ нэмэгдэхээс өмнө тэтгэврээ арай гэж сарын хоол хүндсэндээ хүргэдэг байсан. Одоо бүр хүрэхээ ч больсон.

Нөөцийн мах нь ч ялгаагүй удаан хадгалсан муухай мах байна. Малчдын гар дээрээс шинэ мах авъя гэхээр ченжүүд нь дундуур нь орж аваад үнээ өсгөөд байна. Арай биш ээ" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна