Иргэдийн ногдол ашгийг "ДЭЭРЭМДСЭН 2027 оны төсөв Үндсэн хууль зөрчсөн үү

С.Гандэлгэр
1 цаг 18 минутын өмнө

Засгийн газар ирэх онд ТӨК-иас 3.5 их наяд, Оюу толгой төслөөс 3 их наядын ногдол ашиг авахаар тооцож, үүнийхээ зөвхөн нэг их наядыг нь Баялгийн санд шилжүүлж, үлдсэн 5.5 их наядыг нь төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн билээ. 

Оюутолгой ХХК-иас орж ирэх магадлалтай 3 их наяд төгрөгөөс 1 их наядыг нь баялгийн санд төвлөрүүлж, 2 их наядыг нь улсын төсөв болгож зарцуулах юм. Тус мөнгөөр сургуулийн дотуур байр, боомтын шинэчлэл, 10 аймгийн дулааны станц зэрэг 50 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төсөвлөсөн ч иргэдийн амьдралд нэн хэрэгцээтэй төсөл цөөхөн байгаа талаар зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа. Түүгээр зогсохгүй "авлига, хулгайд идэгдсэн төслүүдээ санхүүжүүлнэ гэж байхгүй шүү" хэмээж байгаа нь ч оргүй биш юм.

Эндээс ирэх оны улсын төсөв Үндсэн хууль зөрчсөн үү гэх асуудал урган гарч байна. 

Угтаа бол энэ мөнгө Үндэсний баялгийн санд төвлөрч иргэдийн нэрийн дансанд орох ёстой. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасан бий. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг, 34 хувиас дээш бол 34 хувьд ногдох ашгийг... Баялгийн санд төвлөрүүлнэ хэмээн маш тодорхой зааж өгсөн байдаг.  

Тэгэхээр, ТӨК ногдол ашгийн 34 хувь, Оюутолгойн ногдол ашгийн орлого бүгд улсын төсөвт биш, Баялгийн санд орох ёстой болж таарч байгаа юм. Шууд төсөвт хуримтлуулсан тохиолдолд үндсэн хууль зөрчинө гэсэн үг. 

Улс орноо хөгжүүлэхийн тулд төр засаг нь урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой, төсвөө олон жилээр харж төлөвлөдөг байх ёстой. Манай улсын хувьд одоогоор төсвөө гурван жилээр төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр нь ирэх оны төсвийн төсөл, тэрний дараах жилийн Төсвийн хүрээний мэдэгдэл, тэрний дараа жилийнх буюу Төсвийн төсөөлөл гэсэн гурван төсвийн бодлогоор хангадаг.   

Энэ дагуу Засгийн газар энэ оны тавдугаар сард ирэх 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийнхээ зарлагыг 36 их наяд 493 тэрбум байхаар баталсан байдаг ба орлогыг 34 их наяд 780 тэрбум гэж тооцсон байдаг. 

Гэвч 2027 оны улсын төсвийн төсөл өргөн баригдахдаа 36 байтугай 43.6 их наядын зарлагатайгаар өргөн баригдлаа. Энэ нь өөрөө УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг зөрчиж, ойролцоогоор 7.1 их наяд төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн байна. 

Мэдээж Засгийн газраас төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийг хамт өргөн мэдүүлж, түрүүлээд хэлэлцэж байгаа ч 36.4 их наядын хязгаар өөрчлөгдөөгүй байхад 43.6 их наядын төсвийг УИХ-д өргөн бариад зогсохгүй хэлэлцэж байгаа нь өөрөө хууль ёсных эсэх нь эргэлзээтэй. 

Хэдхэн сарын өмнө баталсан төсвийн бодлогоо дахин өөрчилж, орлого, зарлагаа үлэмж тэлж байгаа нь төсвийн бодлого тогтворгүй, сахилга батгүй, төсөөлөл нь бодитой эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Монгол Улс Баялгийн сангийн тухай хуулийг батлахдаа хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгээр нь өсөлтөө хангахын тулд тодорхой хэмжээнд томруулах ёстой гэдэгт санал нэгдсэн бөгөөд 10 жил хуримтлуулж байж энэ зорилтыг хангана гэж тооцсон байдаг. 

Гэтэл иргэдийн зүгээс "Оюутолгойн ногдол ашгийг шууд дансандаа авна" гэсэн яриа гарч байна. Үүнийг нэг удаагийн хуулиар аргалж зохицуулж болох ч гэсэн "Сонгуулийн жил их хэмжээний мөнгө тараах" асуудлыг бий болгож, инфляцыг өрдөнө гэсэн үг. Түүнчлэн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, жишиг болж даамжирвал 2028 оны УИХ-ын сонгуульд тэгш бус өрсөлдөөн үүсгэж, улс орноо гарч болохгүй хар ангал руу чирчих ч магадлалтай.    

Улсын төсөв гэдэг нь ирэх жилийн орлого, зарлагыг тооцсон санхүүгийн баримт бичиг төдий зүйл биш. Энэ бол улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх, төсвийн сахилга батыг хангах төрийн үндсэн хэрэгслийн нэг юм. Тиймээс төсвийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах бүх шатанд хууль тогтоомжийн шаардлага, дунд хугацааны бодлогын залгамж чанар, нийтийн эрх ашгийг хангах учиртай.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна