З.Мэндсайхан: Ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараана гэсэн ойлголт байхгүй

Х.Есү
56 минутын өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашиг, Онтрэ гоулд компанийн лицензийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Засгийн газраас 2027 оны төсвийн төсөлд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тусгасан. Энэ нь “Рио Тинто” групптэй хийсэн хэлцлийн үр дүнд 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг наашлуулан, 2027 оноос авахаар тохиролцсоны үр дүн юм.

Үүнээс нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрд өгөөжийг нь хүртээх, хоёр их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан.

Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж болон Засгийн газраас өргөн барьсан суурь асуудлыг шийдвэрлэх хуулийн хүрээнд мөнгийг иргэдэд бэлнээр тараана гэсэн ойлголт байхгүй.

Засгийн газар Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах хэлцэлд ямар нэгэн нэмэлт үүрэг хариуцлага хүлээгээгүй, "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгойн ордын лицензийг Рио Тинтод шилжүүлэх тухай нууц тохироо огт хийгээгүй. 

“Онтрэ” компани татварын системээр дамжуулан 24.3 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг өөрсдөө үүсгэн төлсөн баримттай. Сангийн яам, Татварын ерөнхий газраас ямар нэгэн тооцоолол, нэхэмжлэл гаргаж өгөөгүй.Хэрэв татвар төлөгч урьдчилгаа байдлаар мөнгө байршуулсан бол тухайн компани өөрөө хүсэлтээ гаргаж буцаан авах эсвэл жилийн эцсийн татварын тайлангаар суутгуулах хуулийн зохицуулалттай. Татвар төлөгчдийн 7.5 их наяд төгрөгөөр Монгол банкны алдагдлыг төлөх ёсгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна