1.4 их наядаар тасарсан төсвийг Нийслэлийн 1.6 их наядын хадгаламжаар нөхөх үү

Zuv.mn
52 минутын өмнө

2026 он гарсаар Улсын төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарсан талаар Сангийн яам УИХ-ын байнгын хорооны хуралдаанд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ тасралтыг арилжааны банкуудад хадгалагдаж буй, Нийслэлийн захиран зарцуулах 1.6 их наяд төгрөгөөс нөхөх нь гарцаагүй болжээ.

НЗД-ын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат өнөө өглөө Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд оролцож, мега төслүүдийн талаар мэдээлэл өгсөн.

Энэ үедээ “Ерөнхий сайдтай өчигдөр уулзлаа. Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Нийслэлээс хэрэгжүүлж байгаа том төслүүд үндсэндээ зогсонги байдалд орсон.

Тэдгээрээс Туулын хурдны зам дээр шийдэл гаргая гэж тохирсон. Сэлбэ дэд төв зогсохгүй. ТЭЦ 4-ыг бүр "Улам эрчимжүүл" гэсэн. Харин бусад төслүүд дээр эргээд гарц шийдэл гаргана. Явахыг нь явуулаад, зогсоохыг нь зогсоож, Төсвийн тодотголоор эдгээртэй холбоотой зардлуудыг цэгцэлнэ.

Одоо тендер нь зарлагдсан хэд хэдэн төслүүд байгаа. Нэгдүгээр тойрог зам, трамвай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэд, хэдэн төслүүд байгаа. Эдгээрийг харж байгаад энэ сарын 31-ний дотор шийдэл олно. Шийдэл гарахгүй бол энэ төслүүдийн заримыг хойшлуулна” хэмээн илэн далангүй мэдэгдсэн байна.

Дашрамд, Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа огцорсныхоо дараа хийсэн мэдэгдэлдээ яг энэ асуудлыг онцолж, "Төрийн санд 700-хан тэрбум төгрөг байгаа. Нийслэлийн 1.6 их наяд төгрөг арилжааны банкуудад жилийн 16 хүртэлх хувийн хүүтэй хадгалагдаж байна. Ажил хийдэг айл ийм байдаг юм. Чи намайг зайлуулж байгаад Төсвийн тодотголоор хуулийн хулгай хийж бантагнуулах гэж байгааг чинь мэдэж байна" хэмээн хэлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна