Газрын ховор элемент, алт хоёр Монголын ирээдүйн баталгаа

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 18 минут

Дэлхий дээр “уул уурхайн” хэмээн нэршсэн улс цөөхөн. Манай улс шиг алт, газрын ховор элементийг хамтаар нь хөрсөн дороо агуулсан улс бүр ч цөөн. Шинж чанараараа харилцан адилгүй энэ хоёр элементэд нэгэн сонирхолтой ижил тал байдаг. Ашиглагддаг зорилго нь энэ адил шинжийг бий болгож байдаг ажээ. Газрын ховор элемент алт хоёр үнийн шууд хамааралтай. 

Манай улсын орлогын гол эх сурвалжийн нэг болсон алтны үнэ унци тутамдаа 4000 орчим  ам.долларт хэлбэлзэж, өснө үү гэхээс буухааргүй нөхцөл байдалтай  байна. Ойрхи Дорнодод нөхцөл байдал эвгүйдсэнээс хойш  эрсдлээс зайлсхийхийг хүсэгчид алтыг бүр ч ихээр худалдан авах болжээ.

Хамгийн хүнд, хамгийн уян, хамгийн сунамтгай зэрэг онцлог чанартай энэхүү ховор  металлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Сан-Франциско, Мельбурн зэрэг томоохон хотын анхны оршин суугчид нь алтны орд нээж баяжих хүсэлтэй, адал явдалд дурлагчид байлаа. “Алтны эргүүлэг” гэгдсэн тэр цаг хугацаанд шинэ тивүүдэд мянга мянган хотууд шинээр бий болсон түүхтэй. Харин дараа нь алт эдийн засагт илүү олон үүрэгтэйгээр оролцож эхэлсэн юм.  Европчууд 19 дүгээр зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлжээ. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай түүхий эд. 

“Алт хэзээ ч алга болдоггүй юм. Дэлхий дээр эрт үеэс эдүгээ хүртэл олборлогдсон бүх алт одоо ч гэсэн хаа нэг гзар хадгалагдаж л байгаа” гэж нэгэн нэртэй банкир хэлсэн гэдэг. Үнэхээр ч техник, технологид хэрэглэгдэж байгаагаас бусад алт хаа нэгтээ байгаа л байж таарна. Онцгой гэхэд онцгой чанартай энэ металл үнэ ханшийн хувьд харин цаг цөвүүн болоход өгсч,  тайван цагт унадаг сонин зүй тогтолтой аж. Эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хандлага гэд алтны ханшийг тодорхойлоход оролцдог хүчин зүйлүүд олон ч цагийн байдал л энэ бүгдэд голлон нөлөөлдөг байна. 

ЗХУ Афганистанд цэрэг оруулж, АНУ капиталист орнууд Москвагийн олимпийг бойкотлосон 1980 онд алтны ханш хамгийн анх 850 ам,долларт хүрсэн. Энэ бол тухай цаг үедээ ухаан санаанд багтамгүй өндөр ханш байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж цагийн байдал зөөлрөх шинж илэрсний дараа ханш нь тогтмол уруудсаар ирсэн. 

Алтны ханш унци тутамдаа 53 ам,доллар болтлоо уруудаж явсан үе бий. Харин 2001 онд 9/11-ний халдлагын дараа бага багаар өссөөр 2006 онд 715 ам,долларт хүрсэн. 2008 оны гуравдугаар сарын 17-нд анх удаа 1000-ын босгыг давсан түүхтэй. 2009 онд дэлхий хамгийн хүчирхэг АНУ-ын эдийн засаг ганхаж, төрөөс хувийн компаниудад их хэмжээний мөнгөн тусламж үзүүлсний дараа хөрөнгө оруулагчдын хувьд алт бол хамгийн чухал хэрэгцээтэй эд болж хувирсан билээ. Цагийн байдлыг мэдэрсэн л бол мөнгөө шууд л алт болгоод цүнхэлчих нь хамгийн эрсдэл багатай арга гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгож эхэлсэн билээ. Яг одоо үргэлжлэн явагдаж байгаа ханшийн өсөлт ч энэ хүчин зүйлсээс л болж байгаа билээ. 

БНХАУ алт их хэмжээгээр худалдан авч эхэлсний дараа ОХУ, АНУ, Энэтхэг зэрэг орнууд дагалдсан нь өнгөрсөн жилээс эхлэн ханшийг дээш “чангааж” эхэлсэн. Дээр нэр дурдсан орнууд алт нөөцлөх бодлогоо үргэлжлүүлсээр байгаа.. Том гүрнүүд ч гэлтгүй дэлхийн бүх л улсын төв банкууд их бага хэмжээгээр алтны нөөцөө нэмэгдүүлсэн нь алтны үнэ өсөх шалтгаан байлаа. Евро, доллар, фунт зэрэг валютын ханш тогтворгүй байснаас ингэх болсон гэж тайлбарлаж ч болно. Гэтэл Египетэд өрнөсөн хувьсгал алтны ханшийг 2000 ам.доллар давтал хөөрөгдсөнийг бүгд санаж байгаа байх.

АНУ-ын далдаас удирдсан гэх “Facebook” хувьсгал гэгч нь Египет, Ливи, Сирийн мөнгөн тэмдэгтүүдийг богино хугацаанд ам.доллар, евро, фунт, алт болгож орхилоо. Удахгүй цаас болж мэдэх мөнгөө хатуу валют, хэзээ ч үнээ алдахгүй хөрөнгө болгохоор уралдав. Үүнээс үндэслээд нэг л дүгнэлт гарч ирж байна. Улстөрийн байдал тогтворгүй байгаа тохиолдолд (валютын ханш илүү тогтворгүй байгаа тохиолдолд гэвэл илүү тохирох ч байж магадгүй) алтны ханш цаашид ч өссөөр байх болно.

Тийм ээ. Евро валют хэзээ хэзээгүй нуран унаж магадгүй байгаа энэ үед алтны үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой өндөр хэвээр байх болно. Евро алт болох үйл явц одоо ч үргэлжилсээр байна. Харин газрын ховор элемент ямар үед үнэ ханш нь өсдөг юм бэ. Газрын ховор элемент нь техник технологи өндөр хөгжсөн орнуудад ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг бидэнд олгоно.   

БНХАУ чухам энэ газрын ховор элементийн нийлүүлэлтээ багасгаж, дарамталж байгаад Европ, АНУ-аас өндөр технологийн үйлдвэрүүдийг нь оруулж ирж чадсан. Одоо өөрсдийн үйлдвэрүүдээ тэдэнтэй өрсөлдүүлж байна. Газрын ховор элементийг ашиглаж өндөр технологийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож байгаа учраас Хятадын улс төр, эдийн засгийн гол хүч нь эдгээр элементүүд гээд нэрлэчихэд буруудахгүй.

Тэгвэл бид ч гэсэн яваандаа газрын ховор элементийн экспортоо хязгаарлаж, том улсуудад “Үйлдвэрээ оруулж ир” гэсэн шаардлага тавиад зогсож байх ч юм бил үү. Ингэвэл монгол хүн дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдэд ажиллаж, боловсроно гэсэн үг. Газрын ховор элементийн бас нэг чухал онцлог нь зэвсгийн үйлдвэрлэлд орлуулшгүй түүхий эд болдог явдал. Том гүрнүүдээс авахуулаад жижиг улсууд хүртэл сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж ирсэн. Энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь газрын ховор элемент олборлогч улсын, тодруулбал БНХАУ-ын халаасанд ордог байв. Тэгвэл бид энэ хөрөнгөөс хүртэх боломж нээгдэх юм.

Хамгийн ховор, чухаг гэгдсэн энэ хоёр элементийн нөөц манай улсад хангалттай олон бий. Бид алтны олборлолтоо нэмэгдүүлж, хууль бусаар олборлогдсон алтны далд урсгалыг ил гаргах зэрэг боломжтой бүх л аргаар алтны нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Хоёр талбарт давуу талтай хүнийг манайхан “хос морьтой” гэж ярьдаг. Тэгвэл тэр бүр хамт тохиолдоод байдаггүй газрын ховор элемент, алт хэмээх “морьд” манайд хосолжээ. Уламжлалт мал ах ахуй, газар тариалан дээр ийм хос “морьдтой” байхад манай улс алзахгүй ээ. Харин зөв менежментээр л хөдлөх нь чухал.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна