“Тэгш бус өрсөлдөөнд орохгүй” гэсэн АН-ын бачимдал

Х.Батсайхан
51 минутын өмнө

Н.Учралын Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг өргөн барьсны дараа Ардчилсан нам шууд эсэргүүцэж, илүү ч үгүй дутуу ч үгүй “Итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ руу оруулж ир. Дэмжлэг авбал төсөв чинь явж магадгүй, үгүй бол огцор” гэж шаардсан билээ.

Үүнд олон шалтгаан байсны нэг нь төсвийн энд, тэнд суулгасан гэх үү, нуусан гэх үү, 2027 оны сонгуульд шууд бусаар нөлөөлөх мөнгөнүүд юм. Энэ нь дарга О.Цогтгэрэл “2027 оны төсөв сонгуульд зориулагдсан төсөв байна” гэж хэлснээс шууд харагдана.

Түүнчлэн, үзэл баримтлалаасаа зөрөн байж Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд өгөх нь зөв гэж дуугарсан нь МАН өмнө нь “Оюутолгой” ХХК дээр тавигдсан татварын актаар орж ирсэн мөнгийг урьдчилж авч иргэдэд 300,000 төгрөгийн бэлэн мөнгө тарааж, улмаар сонгуульд ялсантай холбоотой гэж харагдана.

Бяалгийн санд төвлөрүүл гэж байтал МАН сайн хүн бол иргэн бүрт 857 мянган төгрөг тараан улс төрийн авлига болгож ашиглах эрсдэл байгаа болохоор л тэр. Энэ мэтээр сонгуульд зориулагдсан төсөв болсныг илтгэх олон шинж байгаа учраас л бачимдаад байгаа хэрэг.   

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн гаргаж тавьсан, төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирэх олнд хэрэглэх мэдээлэл сурталчилгааны зардал болох 26 тэрбум төгрөг, МҮОНРТ-ийн зардлыг 7 тэрбумаар нэмэгдүүлсэн асуудал бол үүний зөвхөн нэг нь юм.

Гишүүний санаачилсан Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын мэдээлэл сурталчилгааны зардлыг 9.394 тэрбум төгрөгөөр танах санал өчигдөр Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд дээр санал хураахад унасан.   

Сөрөг хүчний гишүүдээс Д.Пүрэвдаваа дэмжсэн бол энэ санал дэмжигдэх байв. 

Санал нь унасны дараа тэрбээр "МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас 2026 онд ₮7,8 тэрбум байсан бол 2027 онд ₮15 тэрбум болж даруй ₮7,1 тэрбумаар нэмэгдэж орж ирлээ. Юу хийсэн, юу хийнэ гэж хоёр дахин нэмээ вэ? Сонгуулийн жил? Энэ нэмэгдсэн зардлыг хасуулах санал гаргаад сая Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр уналаа. Одоо нэгдсэн хуралдаанаар санал хураана" гэж тэрбээр фэйсбүүк хуудастаа бичсэн байсан.

Эндээс тэрбээр олон нийтийн шүүмжлээд байгаа шиг “Сэтгүүлчээр танигдаж УИХ-д сонгогдсон байж сэтгүүл зүй рүүгээ эргэн ноцож байгаа” нэгэн биш, харин улстөрчийн хувиар асуудалд хандаж байгаа нь тод харагдсан юм.

Үнэнийг хээлхэд, МҮОНРТ үеийн үед л эрх баригчдын талд байсан. Бүгдэд ижил тэгш үйлчлэх үүрэг хүлээдэг ч тийм байгаагүй. Байлгадаггүй байсан байх. Тиймээс эрх баригчдад үйлчилдэг энэ том “машины” төсвийг долоон тэрбумаар нэмэгдүүлэх нь эрх баригчдын сонгуулийн сурталчилгаанд төсөв хуваарилж байгаатай ялгаагүй.

Төсвийн Ерөнхийлөн захирагчдын зардлаас хасах саналд багтсан үлдсэн 2 тэрбум гаруй төгрөг ч ялгаагүй, сонгуулийн кампанийн үеэр тэгш бус байдал үүсэхээс сэргийлсэн хэрэг.

Сөрөг хүчин их үсрээд л Төрийн ордноос, тэгээд гудамжнаас үгээ хэлэх боломжтой бол эрх баригчдад зүгээр л ажлаа хийж явахдаа сонгуулийн сурталчилгаагаа давхар амжуулах боломж байдаг. Тиймээс сонгуулийн жилд, ялангуяа УИХ-ын сонгуультай жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээлэл, сурталчилгааны зардлыг огцом өсгөх нь сайн зүйл биш. Энэ бол зөвхөн мөнгөтэй холбоотой асуудал биш. Сонгуулийн үр дүнд нлөөлөх, үр дагаврыг нь улс нийтээрээ амсах том үр дагавартай асуудал гэдэг талаас нь харах нь зөв юм.

Өөрөөр хэлбэл, Ч.Лодойсамбуу гишүүний гргаж тавьсан асуудлыг жилийн дараа, 2028 оны төсөв батлах үеэр илүү анхаарч авч үзэх шаардлага байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна