Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн энэ жилийн ашгаас хувь эзэмшигчдэд хүртээх талаар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийж байгаа билээ.
Хэрвээ энэ хэлэлцээр нааштай болбол Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар эзэмшил хувьдаа ногдох ашгийг авах бөгөөд энэ нь гурван их наяд орчим төгрөг байна гэдэг тооцооллыг хийж, улсын төсөвт суулгаад буй.
Тэгвэл УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Б.Түвшин “Ногдол ашгийг Баялгийн санд биш, төсөвт авч байгаа нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү” гэдэг асуултад “Энэ мөнгө үнэхээр ногдол ашиг мөн үү. Өөр ямар нэг юмны төлөр юм биш байгаа гэдгийг дахин дахин тодруулаад байгаагийн цаад талд нь энэ ямар нэг буруу зөрүү асуудлын мөнгө биш байгаа даа гэсэн асуулт байгаа. Тиймээс Ажлын хэсэг гаргаж ажиллуулж дүгнэлт гаргуулна” гэж хариулсан нь анхаарал татаад байна.
АН-ын бүлгийн дарга буруу зөрүү гэдгээрээ чухам юу гэж хэлэх гэснийг таах боломжгүй ч ерөнхийдөө хоёр зүйлийг хэлсэн байж магадгүй гэсэн таамаг байна.
Эхнийх нь, Оюутолгойн ноогдол ашиг МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах зорилгоор “Рио Тинто”-гоос иргэдэдэ бэлнээр олгоход зориулж өгч буй санхүүжилт юм биш байгаа гэж.
“Рио Тинто” Монголын сонгуульд шууд бусаар ч гэсэн нөлөөлж байсан удаа бий. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сард буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор иргэн бүрд нэг удаагийн 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг тараасан. Татварын албанаас тавьсан актыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй “Рио Тинто” групп тэр үед маш хачин жигтэйгээр дуулгавартай болж, нэг их наяд төгрөгийг шилжүүлснээр энэ мөнгө тараагдсан байдаг.
Чухал сонгуулийн өмнө эрх баригч талаас шийдвэр гаргасан энэ бэлэн мөнгө тараалтыг “Сонгуулийн авлига байсан” гэж үзэх хүмүүс бий.
Ардчилсан нам Оюутолгойн ноогдол ашгийг иргэдэд тараах санаачилгыг МАН-аас түрүүлж гаргаж байгаа нь энэ таамгийг магадлалтай болгож буй. Учир нь, Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг төсөв дээр тавихдаа зогсоод удсан, тавигдсан төсвийг нь өөр зүйл рүү /Тухайлбал иргэдэд бэлнээр тараах/ шилжүүлэхэд ямар ч асуудалгүй ДЦС барих гэх мэт ажилд хуваарилсан нь энэ таамгийг мөн бодит болгож буй.
Хоёр дахь нь, “Онтрэ”-гийн асуудал. Оюутолгойн ордын асар их баялгийг агуулж буй хоёр тусгай зөвшөөрлийг цуцлах боломж манай Засгийн газарт бий. Гэтэл сая Засгийн газар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 15 байсныг 5 хувь болгон бууруулах шийдвэрийг УИХ руу оруулж батлуулсан.
Ингэснээр лав зэсийн АМНАТ дээр “Онтрэ”-гийн лиценз 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдах, одоогийн хууль эрхзүйн орчноор шинэ гэрээ байгуулах хоёр ямар ч ялгагүй болсон юм. Өөрөөр хэлбэл, баасан гарагт УИХ-аар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь “Засгийн газар “Онтрэ” дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болж жүжиглэх гэж байна уу” гэсэн хардлагыг бодитжуулсан.
Ямартай ч яг одоо өрнөж байгаа үйл вцаас харахад Оюутолгойгоос орж ирнэ гэж буй ногдол ашиг нь “Алаагүй баавгайн арьс биш” маш тодорхой зорилготойгоор орж ирэх гэж буй мөнгө байж болохыг харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна