ТӨК-иудын цалингийн тэгш бус хуваарилалт эрчим хүч гэлтгүй олон салбарын ажил хаялтын эхлэл байж мэднэ

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Баялгийн тэгш бус хуваарилалт гэгч зүйл өнөөдөр дэлхий нийтийн тулгамдсан хамгийн хурц асуудлын нэг болж, гарч байгаа эсэргүүцэл тэмцэл, төр засаг солигдож буй үйл явцын нэлээдгүй хэсэг нь энэ асуудалтай холбоотой болсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

Манайд ч энэ асуудал тодорхой хэмжээнд байсаар ирснийг сонгууль болгоноор улс төрийн намууд юуны түрүүнд Баялгийн тэгш хувааирлалтыг ам уралдан амладагаас харж болно. Монгол Улс яагаад ийм байдалд хүрсэн, одоо ямар байгаа, ирээдүйд хэрхэхийг хамгийн сайн мэддэг МАН, АН хүртэл ижил мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд ордог нь нууц биш.

Хамгийн сүүлд гэхэд 2024 оны сонгуулийн өмнө Баялгийн сангийн хууль баталж, байгалийн баялгаас ард иргэдэдээ хүртээх замаар баялгийн тэгш хуваарилалтыг хангана гэж амлан сонгуульд ялсан байдаг.

Гэвч үнэн хэрэгтээ энэ амандаа хүрсэн үү, ер нь хүрэх үү гэдгийг яг одоо болж байгаа ТӨК-иудын захирлуудын цалингийн хэмжээтэй холбоотой дуулиан, эрчим хүчний салбарын ажилчдын ажил хаялтаас багцаалж болж байна.

 Эрх баригчид хувийн хэвшлийг дэмжинэ гэж ярьдаг ч ТӨК-иудыг илүү халамжилдаг

Таван жилийн өмнө буюу 2021 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “ТӨК-ийн захирлуудын цалин 5-15 саяын хооронд байгаа” хэмээн хэвлэлд ярилцлага өгч  байжээ. Тухайн жилд улсын хэмжээнд дундаж цалин 1.4 сая төгрөг байсан гэсэн статистикийг ҮСХ танилцуулж байж. ҮСХ-ны танилцуулдаг дундаж цалин бол 15 сая төгрөгийн цалинтай ТӨК-иудын захирлын цалин орж дундажлагдсан дүн гэдгийг энд тодруулах шаардлагагүй.

Дөрвөн жилийн дараа ҮСХ дундаж цалин 2.8 сая төгрөгт хүрсэн гэсэн статистик танилцуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт ил болсон ТӨК-иудын захирлуудын цалингийн хэмжээг харвал дор хаяж дөрөв дахин нэмэгдсэн болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд магадгүй, ҮСХ-ноос танилцуулдаг дундаж цалин 2.8 сая гэж гарахад ТӨК-ийн удирдлагууд руу урсаж буй асар их цалин урамшуулал голлох нөлөөг үзүүлсэн ч гэж дүгнэж болохоор байна. Учир нь, ҮСХ цалин хөлсийг хамгийн дээд хэмжээг “3 сая ба түүнээс дээш” гэж тогтоосоор олон жил болсон юм.     

Мэдээлэл ил болсны дараа Үндэсний аудитын газраас мэдээлэл хийж, 2025 онд

-Дээд шатны 349 удирдах албан тушаалтны цалин, түүнтэй адилтгах орлогод 34.5 тэрбум төгрөг /98,853,868 төгрөг/,

-Дунд шатны 4,248 албан тушаалтанд 280 тэрбум төгрөг /65,913,371 төгрөг/

Гүйцэтгэх албан тушаалын 41,730 ажилтны цалин, түүнтэй адилтгах орлогод 2.2 их наяд төгрөгийн зардал гаргасан /52.719,865 төгрөг/ гэсэн судалгааны дүн танилцуулсан юм.  

Энэ бол дундаж хэмжээ бөгөөд Үндэсний аудитын газар судалгаа танилцуулахдаа ҮСХ-ны нэгэн адил төсвийн мөнгөөр тоглодог, жинхэнэ ой тойнд оромгүй өндөр цалинтай  хэсгийг төрийг үйлчилгээний буюу бага цалинтай хэсэгтэй хольж, дүнг багасгаж харагдуулах аргыг хэрэглэсэн гэсэн үг.  

Энэ нь тайланд, “10 саяас дээш цалинтай байх магадлалтай компани хэд байгааг үзэхэд 40 орчим компани гарч ирсэн...”, “Төрийн өмчит компаниудын захирлын зардлыг жилээр нь авч үзэхэд хамгийн өндөр нь 778.8 сая төгрөг. Дараагийнх нь 234 сая төгрөгийн зардал гарсан байна" гэсэн өгүүлбэрүүдээс харагдана.

Түүнчлэн, гүйцэтгэх албан тушаалтнуудын цалингийн дундаж улсын дунджаас хамаагүй өндөр байгаа нь энэ салбарт ил гараагүй бугшсан, нууц асуудал байж болохыг харуулж байгаа юм.

Улс төрийн шалтгаантай хясан боолт болон ажилчид, захирлуудын цалингийн зөрүү

Эрчим хүчний салбарын тухайд, цалин хөлсний хэмжээгээр улсын хэмжээнд тийм доогуур орохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. ҮАГ-ын тайланд “ТӨК-иуд дотроо эрчим хүч, уул уурхайн салбарынхны цалин харьцангуй өндөр байна” гэж бичсэнээс тодорхой харагдана. Гэвч танилцуулагдсан тоо нь “дундаж” учраас бодит байдал дээр хэт өндөр цалин урамшуулал авдаг цөөн хэсэг бүлэг нь бага цалинтай олонхийнхоо цалингийн дунджийг дээш татаж байхыг үгүйсгэхгүй.

Зах зээлийн зарчмаар авч үзвэл, үргэлж алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбарынхан өндөр цалин хөлс авах, тэр тусмаа дарга захирлууд нь өндөр цалин урамшуулал авах ямар ч боломжгүй. Гэтэл өндөр ашиг орлоготой бусад ТӨК-иудтай нэг жишигт авч үзэн өндөр цалин хөлс тогтоож байгаа нь өрөөсгөл бөгөөд төр баялгийн хуваарилалтыг номенклатур давхарга, дарга анги гэгддэг төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний тойрон хүрээлэгчид рүү илүүтэй чиглүүлж байгааг харуулж байна.

Энэ бодит үнэнийг нууцлахдаа харин Үндэсний статистикийн хороо, ҮАГ зэрэг төрийн агентлагуудыг ашигладаг юм байна. ҮАГ ТӨК-иудын захирлуудын цалин урамшуулал, зардлын судалгааг хэт ерөнхий танилцуулсан, Үндэсний статистикийн хороо дундаж цалинг нарийвчилдаггүй зэргээр энэ байдал нь илэрдэг ажээ.   

Улс орны амин чухал салбаруудыг хариуцаж, монополь байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа ТӨК-иудад ийм шударга бус байдал байгаа бол үр дагавар нь маш ноцтой байж мэднэ. Хэрвээ муу талаас харвал, эрчим хүчний салбарынхны ажил хаялт нь цаашид гарах, олон, олон ажил хаялтын зөвхөн эхлэл ч байж мэдэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна