АНУ визний барьцаагаа нэмэгдүүлэх болсон шалтгаан

Zuv.mn
53 минутын өмнө

Монголчууд АНУ-д зорчихын тулд 15,000 хүртэлх ам.долларын барьцаа байршуулж байсан бол барьцааны хэмжээ нэмэгдэж, 20,000 ам.доллар болжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ юуны учир барьца мөнгө байршуулах шаардлага тавих болсон талаарх мэдээллийг хүргэж байна.

АНУ-ын Төрийн Департментаас өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс 75 улсын иргэдэд цагаачлалын виз олголтыг түр түдгэлзүүлсэн. Үүний өмнө /2025 оны арванхоёрдугаар сард/ эхний жагсаалтыг гаргахад Ангол, Антигуа Барбуда, Бенин, Зааны ясан эрэг, Доминика, Габон, Гамби, Малави, Мавритани, Нигери, Сенегал, Танзани, Тонга, Замби, Зимбабве гэсэн 15 улс багтсан байдаг. Зорилго нь гаднаас ирж буй цагаач иргэд нийгмийн халамжаас хүртэх боломжийг хаах замаар төсөвт өгөх ачааллыг нь бууруулах явдал гэж тайлбарлаж байв.  

Тухайн үед аялал жуучлалын болон бизнесийн зориулалттай визийг хэвийн олгоно гэж байв. Цаагчлалын виз түдгэлзүүлсэн шийдвэрт хугацаа тавиагүй ч цагаачлах зорилгоор ирсэн хүмүүст нийгмийн халамжаас зарцуулж буй хөрөнгийн хэмжээг тооцоолсны дараа шаардлагатай шийдэл гаргана гэж байлаа.       

Хязгаарлалтын шалтгаан нь эдийн засагтай холбоотой учир хязгаарлалтад өртсөн улсууд нь мөн америкчууд өөрсдөө манай улсын ард түмний бий болгосон, хшүртэх стой баялгаас хүртэх гэж ирэх магадлалтай гэж үзсэн ядуу буурай улсууд байсан юм.

Уг 75 улсын жагсаалтад манайхаас эдийн засгийн байдал хамаагүй дээр Беларусь, Казахстан зэрэг улс орсон гэхээр манай улс орох нь эхнээсээ тодорхой байсан гэж болно. Жагсаалтад мөн Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын бусад олон улс багтсан юм.

Ирэх сарын 12-ноос манай улсад хэрэгжих гэж байгаа барьцаа байршуулах журам ч гэсэн цэвэр эдийн засгийн шалтгаантай буюу АНУ-д үлдэж, америкчуудын төсөвт дарамт учруулахаас сэргийлсэн л агуулгатай. Үүнд тухайн улсаас хичнээн хүн АНУ-д амьдарж, АНУ-ын төсвөөс тэтгэлэг авдаг вэ, хэчнээн хүн хууль бусаар оршин суудаг вэ, хууль зөрчдөг эсэх гэх мэт олон талын судалгаа явуулж буй. .  

Жишээ нь, сүүлд нэмэгдсэн 12 улсын /Камбож, Эфиоп, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа – Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис, Гүрж/ дотор манайхтай хамт багтсан Гүрж гэхэд 2500 хүн "Ногоон карт" авсан, жилдээ 10,000 орчим хүн АНУ руу виз авч зорчин 7-8 хувь нь хугацаагаа хэтрүүлдэг /2024 онд 9292 хүн B1/B2 ангиллын виз авч, 7.42 хувь буюу 690 нь хугацаагаа хэтрүүлсэн. Тэдний 22 нь хугацаа хэтэрсэн ч Гүрж рүүгээ буцсан бол 668 нь АНУ-д үлдсэн буюу манайхны хэлдгээр "харласан" гэсэн үзүүлэлт гарсан байна/. Энэ үзүүлэлтээрээ 15,000 ам.долларын барьцаа төлөх ёстой болжээ. Тэгэхээр манай улсын хувьд ч ялгаагүй, ГХЯ муу ажилласан гэхээсээ илүү улс орны байж байгаа байдал, АНУ-д "харласан", гэмт хэрэг үйлдсэн монголчуудаасаа болж энэ жагсаалт орсон гэж үзэх үндэстэй.  

Улс орнуудыг судалж шигших үйл явц одоо ч үргэлжилж буй. Барьцааны хэмжээг нэмэгдүүлж байгаа нь эхний арга хэмжээний үр дүнг тооцож, арга хэмжээг улам чангатгаж байгаатай холбоотой. 

АНУ-ын энэ алхмын цаана нь төсвөө гаднынхантай хуваалцахгүй гэсэн зорилгоос гадна дайн хийх мөнгөө суллаж авах, өөр бусад шалтгаан байж болох ч энэ нь АНУ-ын шийдэх асуудал тул бусад улс дагахаас аргагүй юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна