АН байргүй болсны буруутан нь хэн бэ: Ц.Элбэгдорж уу, намыг үгүй хийх гэсэн хэн нэгэн үү

Zuv.mn
1 цаг 14 минутын өмнө

Сүхбаатарын талбай дээр болсон Ардчилсан хувьсгалын анхны том цуглаан дээр Ж.Мөнхбат аварга очиж оролцож, үг хэлсэн байдаг. Тэгэхэд аварга “Энэ залуучуудад байр өгөх хэрэгтэй” гэсэн бөгөөд үүнийг Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяа “Үүл бид хоёр” номдоо “Тэр үед би аваргын үгний утгыг ойлгоогүй” гэж бичсэн байдаг юм.

Б.Дэлгэртуяа ардчиллын залууст амьдрах орон сууц өг гэлээ гэж бодсон байж магад, харин аварга бол Ардчилсан холбооны залуус, ардчилал Монголд цаашид хэрэгтэй гэж үзсэн учраас байрлаж ажиллах гзар хэрэгтэй гэдэг утгаар хэлсэн юм.

Эндээс аливаа үзэл санаа, хөдөлгөөн, нам, ер юу ч бай тогтвортой оршиход орон байр чухал гэдэг нь харагдах байх.

Тэгвэл, 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн /энд бичиг цаас бүртгэл хараад байх шаардлагагүй байх/ Ардчилсан нам өнөөдөр өөрийн гэсэн байргүй байна.

Уг нь СТӨ-ний хажууд байрлалтай, олноо “Хүзүүвч” нэрээр танигдсан байр байсан ч 2013 онд Н.Алтанхуяг намын дарга байх үед ХХБ-нд 7 тэрбум төгрөгөөр зарчихсан байдаг.  

Тэгвэл АН-ын гишүүн Г.Батхүү агсны “Намын байрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өрийг дарахын тулд  зарсан” гэж хэлж буй нэгэн бичлэг саяхнаас сошиал орчинд тархлаа.

Ардчилсан нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өр тавьсан гэдэг бол магадлал маш өндөр асуудал. Харин буцааж төлсөн гэдэг бол магадлал бага гэдгийг сонгуулиар энэ намын нэр дэвшигчдэд ажиллаад үлдэгдэл 50 хувиа олж авч чадаагүй газрууд гэрчлэх байх л даа. Ер нь АН ч, МАн ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ажил хийлгэчихээд, мөнгөө өгөхдөө яарч байсан түүх байхгүй, тэр тусмаа намынхаа байрыг зарж үзэн байж төлнө гэдэг угаасаа үнэмшил муутай. 

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, аливаа үзэл санаа буюу улс төрийн нам хөдөлгөөн нь өөрийн гэсэн байртай байж тогтвортой оршин тогтнодог. Гэтэл АН-ын энэхүү оршин тогтнох үндэс 2013 онд санаатай ч гэмээр мэт үгүй болжээ.

Энэ нөхцлийг албаар ч үүсгэсэн байх магадлал өндөр. АН нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлсэн сурталчилгааны ч юм уу, юуны ч юм өрийг төлөхийн тулд байраа долоон тэрбум төгрөгөөр зарсан. Үүнээсээ 3.1 тэрбум төгрөгийг 3,1 тэрбум гаруй төгрөг /1,3 болон 1,7 тэрбум төгрөг/-ийг 2013 оны аравдугаар сарын 1 –ны өдөр “зээл төлөв. ардчилсан нам” гэсэн утгатай гаргасан. Хэн рүү, ямар хуулийн этгээд рүү, ямар зорилгоор авсан зээлийг буцааж шилжүүлсэн нь тодорхой бус. 

Гэтэл тэр үед АН хүзүүвч барилгаа буулгаж, 24 давхар өндөр цамхаг бариулаад хоёр давхрыг нь үнэгүй авах гэрээ байгуулах гэж байтал гэнэтхэн өр төлөхгүй бол болохоо байлаа гэдэг асуудал гарсан гэж Г.Батхүү агсан бичлэг дээрээ хэлж байна.

Эндээс Ардчилсан намыг байргүй болгох ажил санаатай байсан юм биш үү гэдэг хардлага төрж байгаа юм. Эхний хувилбар нь АН-д сонгуульд хэрэглэх мөнгө зээлээд дараа нь гэнэт нэхсэн хүн, эсвэл хуулийн этгээд.

Хоёр дахь хувилбар нь Ц.Элбэгдорж. Нэг талаар, өөрөө сонгуульдаа хэрэглэсэн зардлаа намаараа төлүүлэх аминч бодол байсан байж магад. Нөгөө талаар, нам бус байх үед нь АН гандаж, гундаж байх ёстой гэсэн улс төрийн практикийг амьдралд хэрэгжүүлэх гэсэн байж болох юм.

Том удирдагч дэвшээд явахдаа хожим аврагчийн дүрээр эргэн ирэхийн тулд намаа тартагтаа тултал унах ажлыг хийчихээд  явдаг гэж үг бий. Хэрвээ “Хүзүүвч”-ийг зарах шалтгаан үнэхээр Ерөнхийлөгчийн сонгууль, Ц.Элбэгдорж байсан нь үнэн бол удахгүй мань хүн аврагчийн дүрээр эргэн ирэх магадлалтай юм.   

   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна