-Эсвэл илүү нээлттэй болгоё-
Манай улсад нэг хэсэг хоригдлуудын тоо огцом нэмэгдэж, Хууль зүйн сайд нь “Шоронжсон улс боллоо” гэж уулга алдаж байсан түүх бий. Хоригдлуудаа ихэнхдээ зүгээр л тэжээж, нөгөөдүүл нь идээд хэвтэж байдаг болохоор эдийн засагт ч хэцүү. Нэгэн үе хоригдлуудын хоол хүнсэнд төсөвлөдөг мөнгө цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлаас хамаагүй илүү гэсэн мэдээлэл цацагдаж, сэдэв болж байсан удаатай.
Shilen.gov.mn сайт 2024 онд нээгдэж, тусгай сангуудын үйл ажиллагааны мэдээлэл ил болоход Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан” гэдэг нэртэй сангийн үйл ажиллагаа хамгийн сул нь байсан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид нөхөн төлбөр барагтай авч чаддаггүй нөхцөл байдалтай болох нь ил болж байлаа. Энэ байдал одоо ч хэвээрээ.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх нэг гаргалгаа бий. Гэмт хэргийн гаралт их, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өндөртэй манайх шиг улс хоригдлуудаар ажил хийлгэж, хохирлыг нөхөн төлүүлэх боломжийг бүрдүүлэх замаар асуудлыг шийдэж болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, эдийн засгийн гэмт хэрэгтнүүд, ер нь бусдад хохирол учруулсан хэргээр хоригдож байгаа этгээдүүдээр албадан ажил хийлгэх хууль батлан мөрдөж байна. Тухайн үед оросууд ийм нөхдүүдээр ажил хийлгэх гэж дөрвөн газарт хөнгөн үйлдвэрийн парк маягийн зүйл байгуулжээ. Хоригдлууд тэнд ажиллаж цалин авна, тэр мөнгө нь хохирогчийн дансанд орно. Бусдын өч, төчнөөн сая төгрөгийг авч нуучихаад “Хоёр чих байна. Хоригдвол хоригдоё, хэдхэн жил аваад гараад ирнэ, ямар хүн алсан биш” гэх нь холгүй байдаг манай луйварчдад яг л ийм газар хэрэгтэй байна.
“Буян” компани эмэгтэйчүүдийн хорих ангийн нэг салбарыг үйлдвэрийнхээ хашаанд байрлуулчихаад хүмүүжигчдээр ажил хийлгэдэг байсан. Одоо ч хэвээрээ байж магадгүй. Ийм ажлыг зохион байгуулчихвал хүмүүжигчдээ ч, эдийн засагт ч хэрэгтэй ажил болох гээд байна. Далимд нь хоригдлуудынхаа хоригдох орчин нөхцөлийг ч сайжруулах юм.
Ийм газар байгуулахын бас нэг шаардлага нь эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг ажилд зүтгүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй. Ард түмний хуруу хумсаа хуйхалж олсон мөнгийг татвар нэрээр цуглуулж авчихаад хэдэн саяар нь хулгайлдаг улстөрчид, луйварчдыг нурууг нь бөхийтөл ажилд зүтгүүлж, сохор зоосны үнэ цэнийг мэдрүүлмээр байна.
Улс орны эдийн засгийг сүйрүүлэгчид, доош нь чангаагчид хаа сайгүй. Эдийн засгийн бүх салбарт тохиолдоно.
Орон нутгийн Тавантолгойг төр мэдэлдээ авна гэсэн мэдээлэл гарч эхэлмэгц тус компанийн хувьцаа дэлхийн түүхэнд байхгүйгээр өсч, ширхэг нь 100 мянган төгрөг хүрэхгүй байсан ханш гуравхан сарын дотор сая төгрөгт хүрсэн. Харамсалтай нь, энэ их өсөлт “Төр Тавантолгойг татан буулгахдаа хувьцааг нь зах зээлийн ханшаар худалдаж авна” гэсэн мэдээллээс болж өндөр үнээр хэдхэн хүний хооронд хийгдсэн наймаа байсныг хожим тогтоосон.
Харамсалтай нь ийм гэмт хэрэгт 40-250 мянган төгрөгийн торгууль ногдуулж байсан түүхтэй. Хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцох орчныг бүрдүүлэхээр бэлтгэж байгаа орны хувьд хууль эрхзүй, эдийн засгийн гэмт хэрэгт тооцох хариуцлагыг тогтолцоог давхар анхаарах шаардлагатай байна. Өнөөдөр хөрөнгийн зуучлагчаар дамжуулан зах зээлд хөл тавьсан иргэд бусдын “тактик”-т орсоор хоосорч дуусч байна. Эдийн засагчид эрх мэдэлтнүүд “Бүх хүнд хөрөнгийн зах зээлийн боловсрол олгоно гэдэг худлаа” гээд суугаад баймааргүй байна.
Өмч хувьчлал явагдаж байх үед мэдээлэл илүүгээ ашиглан төрийн өмчийн обьектуудыг үнэгүй шахам авсан өч, төчнөөн тохиолдлыг бид мэднэ. Гэвч ямар ч хариуцлага тооцоогүй.
Хувьцааны үнийг үгсэн хуйвалдаж өсгөсөн нөхдүүд 40-250 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг бол шатахуун, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн этгээдүүд зүв зүгээр явж байх жишээтэй. Тиймээс эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг онцгой чангатгах, хоригдлуудаар ажил хийлгэх нөхцөл бололцоог бий болгох цаг болжээ. Хоригдлууд одоо ч ажил хөдөлмөр эрхэлдэг, ШШГЕГ тэднийг зүгээр ажилла гээд явуулчихдаггүй нь тодорхой. Гэвч олсон мөнгө нь хохирол барагдуулах санд гэхээсээ илүү өөр тийшээ явчихдаг. Энэ бол асуудлыг авч үзэх ёстой гэж үзэх бас нэг шалтгаан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна