Улаанбаатар хот, 2026 оны 8 дугаар сарын 27. — Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх шинжлэх ухаан, практик шийдлүүдийг хэлэлцэх “Хөрсийг нөхөн сэргээх шинжлэх ухаан ба нөхөн сэргээгч шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг COP17-ын Ногоон бүсэд амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгээр Монгол орны хөрсөн дэх органик нүүрстөрөгчийн хуримтлал, органик бодисын менежмент, бууц болон ногоон тэжээл ашиглан хөрсийг нөхөн сэргээх арга зүй, мөн нүүдлийн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэв маягт шилжүүлэх боломж зэрэг асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн практикт тулгуурлан хэлэлцэв.
Хэлэлцүүлгийг Пример Агро ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Билгүүн модератороор удирдан явуулсан бөгөөд салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцож, хөрсний доройтлыг бууруулах, органик нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээгч хөдөө аж ахуйн арга барилыг хөгжүүлэх талаар санал, туршлагаа хуваалцлаа.
Шинжлэх ухаан ба практикийг хослуулсан шийдлүүд
Монгол Улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн доктор Г.Бямбаа “Монгол орны хөрсөн дэх органик нүүрстөрөгчийн хуримтлал” сэдвээр илтгэл тавьж, хөрсөн дэх органик нүүрстөрөгчийн ач холбогдол, түүнийг хамгаалах болон нэмэгдүүлэх асуудлыг шинжлэх ухааны үүднээс танилцууллаа.
Хөдөө аж ахуйн ухааны доктор Т.Хишигбуян “Органик бодис буюу бууц, ногоон тэжээлээр хөрс сэргээх арга зүй” сэдвээр илтгэл тавьж, органик бодисын зохистой менежментээр дамжуулан хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулах боломж, арга туршлагыг хуваалцав.
Харин Пример Агро ХХК-ийн захирал Я.Батжаргал “Нүүдлийн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэв маягт шилжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, бэлчээрийн ачааллыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж болох шийдлүүдийн талаар танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр хөрсний эрүүл байдал нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь хүчин зүйл болохыг онцолж, шинжлэх ухааны судалгаа, бодлого, үйлдвэрлэлийн практикийг уялдуулах шаардлагатайг оролцогчид тэмдэглэлээ.
Мөн Монгол орны онцлогт нийцсэн нөхөн сэргээгч хөдөө аж ахуйн арга технологийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, органик нөөцийг үр ашигтай ашиглах, хөрсөн дэх нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Хөрсөө хамгаалах нь зөвхөн өнөөдрийн ургац, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудал бус, ирээдүй хойч үедээ эрүүл газар нутаг, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийн суурийг үлдээх урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна