НАМРЫН УЛС ТӨР: Тогтворгүй засагласан дээд амжилт давтагдаж, МАН эв нэгдэлгүйн жишээ болох уу

Zuv.mn
1 цаг 1 минутын өмнө

Сөрөг хүчин Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаар 41 гарын үсэг бэлдчихээд Намрын чуулганыг хүлээж байгаа билээ. Засгийн газрыг нийт гишүүдийн олонхиор огцруулдаг бөгөөд энэ нь 64 санал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ дахь бусад намууд болон МАН-аас 23 гишүүн Ерөнхий сайдыг муу ажиллаж байна гэж үзэхэд л Засгийн газар ээлжит удаагаа унаж, 1996-2000 оны үеийн Ардчилсан холбоо эвслийн олон засаг сольсон дээд амжилт давтагдах юм.

Ардчилсан холбоо эвсэл тухайн үед М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал гэсэн дөрвөн Ерөнхий сайдтай ажилласан бөгөөд МАН энэ үеийг тогтворгүй засагласны жишээ болгож, АН-ыг эв нэгдэлгүй, төлөвшөөгүй улс төрийн хүчин гэдэг ойлголт төрүүлэхдээ ашиглаж ирсэн байдаг.

Тэгвэл МАН 2024 оноос хойших хоёр жилд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал гэсэн гурван Ерөнхий сайдтай ажиллаж байна. Энэ бол тогтворгүй, эв нэгдэлгүй намын шинж мөн төдийгүй, Намрын чуулганаар дахин сорилттой тулах нь тодорхой болжээ. 

МАН УИХ дахь бүлгийн гишүүдээ "хайрцаглаж" чадаагүй гэдгийг нам доторх цөөнхийн гишүүд ил хэлж байгаа нь үүнийг харуулж байна. 

Хэрвээ МАН дахиад Засгаа хөдөлгөвөл улс орон тогтворгүй байсан 1990-ээд оныг энэ цаг үед давтсан чадамжгүй улс төрийн нам болж, Ардчилсан холбоо эвслээс ч доогуур үнэлэмжтэй болох эрсдэл байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.186
    32 минутын өмнө

    Энэ нам нэртэй олигархууд, хулгайчид бүгд сөнөтүгэ

    Хариулах