“Монголчууд визгүй зорчдог орнууд” цуврал №1: БНХАУ дахь ардчиллын тасархай Хонконг

Х.Батсайхан
1 цаг 6 минутын өмнө

Гадаад паспорт эзэмшигч Монгол улсын иргэн дэлхийн 30 улсад визгүй зорчих эрхтэй байдаг. Бид тэдгээр 30 улсын онцлог, жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газруудыг нь цувралаар танилцуулахаар бэлдлээ. Цувралаа Хонконг улсаар эхлүүлж байна. Монгол Улсын иргэд 1998 оны зургадугаар сарын 18-наас эхлэн тус улсад 14 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй болсон юм.   

Хонконг бол Ази дахь Дэлхийн санхүүгийн томоохон төв хот,  БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг (нөгөө нь Макао). Урд, зүүн, баруун талаасаа Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлэгдсэн Коулуны хагас арал дээр байрладаг. Нийт газар нутаг нь 260 арлаас бүрдэнэ. 

Жуулчдын анхаарлыг татах гол зүйлс нь Шенжений олон улсын чөлөөт худалдааны бүс, татваргүй барааны дэлгүүрүүд, наран шарлагын газрууд, мөн үүн дээр нэмээд архитектурын гайхамшгийг шингээсэн дэлхийд алдартай барилгуудыг үзэж сонирхох борломжтой.

Жуулчлалын компаниуд Хонгконгийн төв талбай болох Golden Bauhinia Square болон архитекторын гайхамшигийг харуулсан Hong Kong Convention, Exhibition Centre, наран шарлагын Repulse Bay зэрэг газруудыг аяллын хөтөлбөртөө багтаадаг. Холливудынхтай төстэй Жеки Чан болон Хонгконгийн бусад оддын гарын хээ дарсан “Оддын гудамж”, Хонгконгийн түүх дурсгалын газар болох Цагтай асар, Цин ша соёлын ордон, сувд болон эрдэнэсийн дэлгүүр гээд үзэж харах зүйлс мундахгүй их. Усан онгоцоор далайн аялал хийж, далайн гахай зэрэг сургуультай амьтдын тоглолтыг үзэж болно. 

Тур операторууд аяллынхаа хоногийн ихэнхийг сул гаргаж өгдөг нь жуулчдад чөлөөт худалдааны бүс, дэлгүүрээр явж худалдаа хийх боломжийг хангах зорилготой байдаг юм.  


Жуулчдын сонирхлыг татдаг газрууд

Victoria Peak буюу Ялалтын оргил 

Mount Austin, эсвэл зүгээр л The Peak гэж нэрлэх нь ч бий. 552 метр өндөр, Хонконгийн хамгийн өндөр уул юм. Яг оргил дээр нь радио телевизийн дамжуулах станцууд байрладаг учир олон нийтэд хаалттай. Гэхдээ хаалттай бүсээс гадагш аялал жуулчлалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн олон бий. Хонконгод ирсэн жуулчид энд заавал ирж үздэг уламжлалтай. Жилд долоон сая жуулчин үзэж сонирхдог гэсэн статистик байдаг аж. Цэцэрлэгт хүрээлэнд нь маш ховор төрлийн шувуу, эрвээхэй байдаг. Виктори пик оргил дээрээс Хонгконг хот, Ковлун арал, Виктория боомт алган дээр тавьсан мэт харагддаг байна.

Пийк тауэр, Мадам Тюссогийн музей


Жуулчдын зайлшгүй очиж үзэх ёстой газруудын нэг бол “Peak tower” буюу Оргил цамхаг, түүн дотор байрладаг Мадам Тюссогийн лааны тосон барилын музей юм. Страсбургт төрсөн Мэри Тюссо 1777 онд анхныхаа лааны тосон баримлыг урлаж, улмаар “Мадам Тюссогийн” хэмээн алдаршсан музейн эх суурийг тавьжээ. Энэхүү музейн олон салбарын нэг нь Хонгконгод байдаг юм.

Диснейлэнд

Хонконгод ирсэн жуулчид Диснейлэндээр заавал орох хэрэгтэй. 2005 онд байгуулагдсан хамгийн орчин үеийн амралт зугаалгын төв. “АНУ-ын гол гудамж” /Main Street, USA/, “Уран зөгнөлийн ертөнц” /Fantasyland/, Адал явдлын ертөнц /Adventureland/, Ирээдүйн ертөнц /Tomorrowland/ гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг.

2011-2014 онд  Grizzly Gulch, Mystic Point, Toy Story Land гэсэн гурван цогцолбор нэмж ашиглатад орсноор долоон хэсэгтэй болж байгаа юм. 2012 онд Диснейлэндэд 5.9 сая жуулчин зочилсон гэсэн тоо байдаг юм байна.

Далайн парк 

Дэлхийд алдартай далайн паркуудад байдаг бүх зүйл энд бий. Жилд долоон сая жуулчин хүлээж авдаг, аялал жуулчлалын том төв юм.

Виктория харбор боомт 

Дэлхийн нийт тээврийн тал хувь нь дамжиж өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн хамгийн гол боомт. Хонконгийн хөгжлийн гол түлхүүр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий газар. Жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудынх нь нэг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна