Ж.Энхбаяр: Энэ оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө

С.Гандэлгэр
1 цаг 19 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын экспорт нэмэгдсэн талаар мэдээллээ. 

Энэ талаар тэрбээр "Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өсчээ. 2026 оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө.

Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүлсэн нь хөдөө аж ахуйн төслүүд үр дүнгээ өгч буйг илтгэлээ.Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 %-ийн гүйцэтгэлтэй байгаа. Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгая. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн 2 жил унасан бол алт, зэсийнх өссөн. Төсвийн тэнцвэржүүлсэн үнээс давсан алт, зэсийн ашгийг “Төсвийн тогтворжуулалтын сан”-д хуримтлуулсан. Биржийн арилжааны үнэ сайн байгаа нь төсвийн орлого бүрдэхэд нэмэр боллоо. Жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна