Н.Номтойбаяр: Нэг вакцин худалдаж авах гэж 2 долоо хоног зарцуулж байгаа учраас эрх зүйн орчноо шинэчилнэ

С.Гандэлгэр
57 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:

"Улсын нөөцийн тухай хуулийн 40%-д нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гарлаа. Улсын нөөцийн тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий хүнсний болон нефтийн бүтээгдэхүүний хадгалалт, нийлүүлэлтийг зохицуулдаг.

Бензин, онгоцны түлш, зарим тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, нийлүүлэлт, худалдааны суурь зарчимд тулгуурлаж алдагдалгүй байлгах, хувийн хэвшлээ дэмжих зохицуулалтууд хийгдэх юм.

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн 226 лаборатори байгаагийн 55 нь төрийн өмчит. Эдгээр нь нэгдсэн бодлогогүй, мэдээллээ солилцдоггүй, тоног төхөөрөмж нь хуучирсан, боловсон хүчний чадамж нь асуудал дагуулдаг. Ерөнхий сайдын зүгээс лабораториудад бодлогын томоохон реформ хийх үүргийг надад өглөө. Судалгаа, шинжилгээ хийсэн дүнгээ тун удахгүй танилцуулна.

Нэг вакцин худалдаж авах гэж 2 долоо хоног зарцуулдаг. Энэ хугацаанд гаргасан зардал нь 20 орчим тэрбум. Алдагдсан хугацааны өртөг ийм өндөр байгаа учраас эрхзүйн орчноо шинэчлэх шийдэлд хүрлээ. Малын гаралтай өвчний асуудлыг анхаарч, Биокомбинатад очиж ажиллана. Боловсон хүчин болон малыг эрүүлжүүлэх эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаанд нь анхаарч, цаашдаа дотооддоо вакцинаа үйлдвэрлэх нь чухал.

Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн шинэчлэлийг ашиглаж дахин хийнэ. Малын өвчлөл, цас зуд зэрэг эрсдэл тохиолдох бүрд хэдий болтол улсын нөөцөөс мөнгө гаргаж, нөхөн олговор өгөх вэ. Асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ." хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна