Г.Дамдинням: Зовлон дээр зоолсон хүмүүст шатахууны хомсдол ашиг хийх хэрэгсэл болчихоод байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 42 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас шатахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа.

-Та ШТС-уудаар явж ажилласан. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч. Хэд хоногийн нөөцтэй байгаа вэ?

-Нөхцөл байдал хүнд байгаа ч харьцангуй зөөлөрч байна. Аравдугаар сарын захиалгыг хэвийн хэрэглээний түвшинд хүрсэн гэж үзэж болно. Наймдугаар сард бид 50 мянга, есдүгээр сард 60 мянга орчим тонн шатахуун авсан.

Манай улсын сарын хэрэглээ энгийн үед 75 мянган тонн байдаг. Аравдугаар сарын байдлаар бидэнд баталгаажуулсан 78 мянган тонн бензин байна. Нэмээд таван мянган тонныг авах яриа хэлэлцээр хийгдэж байна.

Ард иргэд ихэд бухимдалтай байна.  Үр хүүхдээ хүргэж өгөх, эмнэлэгт хүн зөөх, хөдөө амьдардаг иргэд гээд бүгдээрээ хүнд нөхцөлтэй байна. Байгаа хэмжээндээ нөөцөө зөв хуваарилаад хүргэчих юм сан гээд хичээж байна.

Хууль хяналтын байгууллага хянаж, цагдаад явахаар зарим иргэн нөөцөлсөн тонн шахуу бензин гарч ирж байна. Үүнийгээ шаглаж байна.

-Хаанаас авч нөөцөлж байна гэсэн үг вэ?

-Дахин дахин очерлоод шатахуун түгээх станцуудаас авч байна.

-Танил талтай хүмүүс байна гэсэн үг үү?

-Байгаа жаахан нөөцөө олон нийтэд хүртээхийн тулд өдөрт нэг л удаа банкаа дүүргэж авах хэмжээтэй болгох зохицуулалтыг хийхгүй бол болохгүй. Дийлэнх нь биш цөөн хэдэн хүмүүс л байна. Зовлон дээр зоолсон хүмүүсийн хувьд шатахууны хомсдол ашиг хийх хэрэгсэл болчихоод байна. Хэсэгхэн хүний хувьд ажил болчихоод байна.

Хууль хяналтын байгууллага ажиллаад явж байгаа. 20-30 хүн авах бензинийг ганцхан хүн аваад үнэ нэмж зараад байна. Гадаад орчны нөхцөл байдал хэцүү байгаа үед нэгнийгээ бодох хэрэгтэй. 

-Шатахуун шаглаж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Тэр бол цагдаагийн асуудал. Цагдаа, хууль хяналтын байгууллага үүний араас хөөцөлдөх ёстой. Бидний хувьд технологийн давуу байдлыг нэвтрүүлж зохицуулалт хийнэ. Бусдад хүртээмжтэй болгох үүднээс зохицуулалт хийх үүрэг даалгаврыг албаныханд өгсөн. Удахгүй хариу нь гарах байх.

-Үүнтэй холбогдуулан нэг иргэнд хэдэн литр бензин олгох тухай ярих уу?

-Эхлээд судална. Машиныхаа дугаарыг оруулаад, өдөрт авдаг хэмжээгээ тааруулж болох үгүйгээ мэдэх хэрэгтэй. Одоо бол ямар ч хязгааргүй олгож байгаа. Түрүүн хэлсэнчлэн ядарсан үед нэгнээ бодооч ээ, монголчуудаа гэж хэлмээр байна. Заавал захиргааны арга хэмжээ аваад байх шаардлага байхгүй шүү дээ.

Есдүгээр сард 65 мянган тонн шатахуун орж ирсэн. Энэ шатахуун нэг сардаа хангалттай хүрчих байсан. Зайлшгүй хэрэгцээтэй хүмүүсээ шатахуун авах боломжоор хангах хэрэгтэй. Зориудаар хомсдолд оруулж, ашиг хийж байгаа хүмүүүс мөн зарим нэр бүхий ШТС-ын оролцоотойгоор бүлэг үүсгэж байгаа нь маш буруу. Энэ хүмүүст захиргааны ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр судалгаа хийж байна.

-Зарим компани шатахууны нөөцтэй хэр нь ажиллахгүй байна гэх шүүмжлэл байгаа. Үүнд зохицуулалт хийх үү?

-Аравдугаар сард байдал нэлээн тогтворжино гэж харж байна. Гэрээгээ хийгээд захиалга наашаа ачигдаж байхад үйлдвэр нь дроны халдлагад өртчихдөг. Ингэхээр наашаа ирэх хэмжээ нь багасаад асуудал үүсдэг.

Иргэддээ хандаж хэлэхэд, заавал захиргааны арга хэмжээ авахуулж байж зохицуулалт хийлгэх шаардлагагүй. Энэ хүндрэлийг төр засаг, олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд гээд бүгдээрээ туулж байна. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаагийн зовлон.

Үүнийг бий болгохын тулд геологийн эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж, газрын тос хайх ажлыг төрийн хяналтанд авч байна. Газрын тосны үйлдвэрийн ажлаа эрчимжүүлж 60-70 хувьтай болгосон. Би ажлаа аваад жил гаруй болж байна. Тэр үед 28 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2028 онд дуусгана.

Үйлдвэрээсээ дотоод хэрэгцээгээ хангадаг болчихмоор байна. Одоо бидний нэн түрүүнд авах арга хэмжээ нь олон эх үүсвэрүүдээс авдаг болох. Үүний эхлэл болгож БНХАУ-аас тогтмол авдаг болох гэрээтэй болохоор ажиллаж байна. Дамжуулан ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Жилийн нийт хэрэглээний 60 хувийг урд хилээр дамжин орж ирэх боломжтой техникийн нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин орж ирэх гурван байгууламжтай болсон. Намайг ажилд орж ирэхэд байдаггүй байсан. Эхэлчихсэн байсан ажлуудыг шуурхайн болгон дуусгалаа.

Энэ сар БНСУ-аас 12 мянган тонн түлш орж ирнэ. Тогтмол авдаг болохоор гэрээ хэлцэл хийж байна. Сингапур улс руу Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд гэрээ хэлэлцээр хийгдэхээр яригдаж байгаа. Сингапур улс Азийн орнуудын хамгийн том газрын тосны уурхайтай улсад тооцогддог. Улс орнуудын дийлэнх газрын тосны нөөцийг хангадаг орон. Онгоцны түлш болон зарим түлш тэндээс ирдэг.

Тогтмол нийлүүлэлт, хөнгөлөлттэй санхүүжилттэй холбоотойгоор яръя гэсэн зорилготой байгаа. Олон эх үүсвэрүүдээс авах ажлыг эрчимтэй хийж байна. Казакстанаас яагаад авахгүй байгаа юм бэ гэж байсан. Казакстан улс бэлэн бүтээгдэхүүн зарахгүй, дотооддоо хомсдолтой байна, түүхий газрын тосныхоо тээврийг зохицуулаад авч болно гэсэн.

Авч болох бүх газраас л шатахуун авч байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна