Б.Найдалаа: Аукцион алдагдалд оруулах биш, харин эрчим хүчний системд ашиг авчрах төсөл

Х.Есү
57 минутын өмнө

Эрчим хүчний сайд Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Эрчим хүчний салбар өвөлжилтөд бэлэн үү. Энэ өвөл нийслэлчүүдэд тог цахилгааны асуудал гарах уу?

-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Одоогийн байдлаар 46 компани, байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажил 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Бид боломжиндоо тааруулаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг тултал нь хийж гүйцэтгэж, хугацаанд нь дуусгана.

Монгол Улсын эрчим хүч дутагдалтай байгаа. Олон жил хийх ёстой ажлаа хийгээгүй, барих ёстой станцуудаа бариагүй, өргөтгөх ёстой шугамнуудаа өргөтгөөгүй учраас дутагдаж байгаа юм. Хүссэн хүсээгүй л дутагдаж байна.

Дутагдалтай, эрсдэлтэй байгаа ч гэсэн цахилгаан хязгаарлахгүйн тулд манай салбарынхан бүх хүчээ дайчлан хичээнгүйлэн ажиллаж байгаа.

-Дулааны цахилгаан станц гурвын өргөтгөлийг барьж байгаа гэсэн. Ямар шатандаа явж байгаа вэ. Шинэчлэх ёстой техникүүдийн засварын ажил дууссан уу?

-Дулааны цахилгаан станц 3-т өндөр болон дунд даралтын хоёр хэсэг байдаг. Өндөр даралтын хэсэгт турбо генератор 7-г шинэчилж байгаа. Энэ ажил арванхоёрдугаар сарын 15-нд дуусна. Өвлийн ачаалалд оролцоно гэсэн үг.

Тэсэрч осол болсон турбо генератор 9-ын засварын ажил хийгдэж байгаа. Ирэх оны хоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орно. Энэ өвлийн ачаалалд оролцож амжихгүй. Цаашдаа дулааны цахилгаан станц 3-т ямар бодлого барих вэ гэвэл саяхан ОХУ-тай зураг төслийн гэрээ хийсэн. Дулааны цахилгаан станцын дунд даралтын хэсгийг буулган шинээр станц барих юм. Нэмээд 50 мегаваттын хүчин чадалтай өргөтгөлийн өндөр даралтын хэсэгт барина.

Ингэснээр дулааны цахилгаан станц 3-ын хүчин чадал 300 мегаваттаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ станц болно гэсэн үг. Энэ ажил эхэлсэн. Түрүүн хэлсэнчлэн барих ёстой зүйлийг бариагүйгээс бүх зүйл болж байгаа. Одоо бидний барьж байгаа бодлого бол шинээр барих ёстой станц, бүтээн байгуулалтуудыг бүхий л талаар цаг алдалгүй шуурхай хийж гүйцэтгэнэ.

-ОХУ-тай гэрээ хийсэн гэж та ярьлаа. Саяхан ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Н.Оверчук ирсэн. Танай салбарт тулгамдаж байгаа ямар асуудлуудыг ярилцсан бэ. Дулааны цахилгаан станцын шинэчлэл, Эгийн голын усан цахилгаан станц гэх төслүүдэд санал солилцсон уу?

-Эхний тодорхой болсон ажил бол 2024 онд УИХ-аас хоёр улсын хооронд болсон хэлэлцээрийг соёрхон баталсан. Үүнд дулааны цахилгаан станц 3-ын өргөтгөлийн асуудал багтсан. Соёрхон баталсан хэлэлцээрийн хүрээнд зураг төслийг баталсан. Сая гэрээг нь баталлаа.

Эхлээд зураг төслийг нь хийж байгаа. Албан ёсоор ОХУ-тай ТЭЦ-3 үзэглэсэн гэрээний ажил удахгүй эхлэх гэж байгаа. Тэгэхээр ТЭЦ-3 ОХУ-тай хамтарсны хүрээнд өргөтгөгдөнө.

-Хэр хугацаа шаардах вэ?

-Зураг төсөл хийх ажил нэг жил дөрвөн сар болно. Үүний дараа хэр хэмжээний үнэтэй, ямар төхөөрөмжөөр яаж өргөтгөхийг тодорхой үнийг нь гаргана.

Улаанбаатар хотод цахилгаанаас илүүтэйгээр дулааны дутагдал онцгой их байгаа. Өнөөдөр бид үйлдвэрлэж байгаа дулааны эрчим хүчээсээ 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна. Улаанбаатарыг дулаанаар хангахад чардайж байна гэсэн үг. Энэ маш осолтой. Байрууд хангалттай халахгүй байгаа нь үүнтэй холбоотой.

Дулааны асуудлыг шийдэхийн тулд ТЭЦ 5, ТЭЦ 6-г барьж, зэрэг ажиллуулах ёстой гэж үзэж байна. Тийм учраас ирэх оны төсөвт дулааны цахилгаан станц 6-ийн эхний ээлжийн төсвийг тусгасан байгаа. 

Дулааны цахилгаан станц VI барих газрын асуудал шийдэгдсэн үү. Үүнтэй зэрэгцүүлээд V цахилгаан станцыг зэрэг эхлүүлнэ гэж та ярьсан. Гэтэл энэ асуудал 36 жил хөндөгдөж байна. Хэдэн ч Засгийн газар дамнав, ажил хэрэг болсонгүй. Таныг сайдаар ажиллаж байх энэ үед эхлүүлж чадах болов уу?

-Чадна. ДЦС-V-ын ажил эхлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшилтэй хамтраад ажил нь эхэлсэн. Эрчим хүчний яамтай гэрээ хийх ажлууд хүлээгдэж байгаа ч үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үүнтэй төстэй төр, хувийн хэвшлийн хамтарсан загвараар дулааны цахилгаан станц 6-г барихаар ирэх оны төсөвт 400 тэрбум төгрөг тусгасан.

Нийслэлийн дулааны хэрэгцээг хангахын тулд хүлээлт үүсгэлгүйгээр хамтад нь дулааны цахилгаан станцуудаа барих ёстой. Газрын асуудал шийдэгдсэн. ТЭЦ-III ойролцоо газар байгаа. Тэнд төлөвлөж байгаа.

-Байршлын хувьд хажууд нь зэрэгцээ байх оновчтой шийдэл мөн үү?

ТЭЦ-III Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангах хамгийн оновчтой байршил. Үүнтэй холбоотой дэд бүтэц, шугам, хоолой бүгд бий. Зэрэгцүүлээд барих нь зардлын хувьд ч хэмнэлттэй.

-Аукционы дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Эхний аукционы үр дүн ямар байсан бэ? Цаашдаа үргэлжлээд явах уу, одоо ямар процесс өрнөх вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний төслийг аукционоор явуулна гэж манай улс 2019 онд хууль баталсан байдаг. Түүнээс хойш долоон жилд нэг ч удаа явуулаагүй. Энэ жил тавдугаар сараас эхлэн бид хуулийн дагуу энэ ажлыг явуулж эхэлсэн. Эхний таван аукцион маш амжилттай болсон. Өвлийн ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бүгдээрээ биш ч гэсэн тал нь орно гэсэн тооцоотой байгаа. Өвлийн оргил ачаалалд эрчим хүч нийлүүлнэ гэсэн үг.

Хамгийн гол нь аукцион тендерээс ялгаатай. Тендер бол бичиг баримтыг нь аваад хэн нэгэн хороо, дарга үнэлж байгаад шийдвэр гаргадаг. Магадгүй бичиг баримтыг нь аваад дугаар нь буруу, алдаатай байлаа гэх мэт ялихгүй шалтгаанаар унагаж болдог. Тийм учраас тендер маргаантай байдаг. Шүүхдэхээр аль талынх нь ч асуудал шийдэхгүй ажил зогсонги байдалд ордог тохиолдол олон.

Аукционыг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. Аукцион хаана, ямар эрчим хүч хэрэгтэй байгааг тодорхой зааж өгдөг. Оролцож байгаа компани үүнийг хийж чадах уу, санхүүжүүлж чадах уу гэсэн шаардлага тавьдаг. Тэр компанийн хамтрагч хэн бэ гэдгийг шалгадаг. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ ямар үнэ, тарифаар нийлүүлэх вэ гэдэг дээр л үнэ хаялцаж байгаа гэсэн үг. 

Хэн хамгийн бага тарифаар сүлжээнд нийлүүлнэ, түүнийг шалгаруулна. Маргах зүйлгүйгээр олны нүдэнд ил тод байдаг. Шийдэж байгаа нь түмэн олон. Тэрнээс биш хэн нэгэн дарга, хороо биш. Тийм учраас ямар ч маргаан гардаггүй. Өмнөх таван аймгийн аукционд ч мөн адил маргаан гараагүй.

-Авсан компани хэр сайн ажиллаж байгаа вэ, хийж чадаж байгаа юу гэдэг л чухал. Төсвөөс, төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Яаж хийх нь тухайн газрын асуудал. Чанартай, шаардлагатай эрчим хүчийг л нийлүүлэх үүрэг хүлээнэ. Түүнийг эрчим хүчний яам худалдан авч, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд түгээнэ гэсэн үг.

-Оюутолгойн эрчим хүчийг аукционоор хангана гээд байгаа. Дотоодоосоо 100 хувь хангах юм уу?

Говийн бүсэд чиглэсэн багц хоёр аукцион яг адилхан зарчмаар явсан. 10 компани оролцохоор санал ирүүлсэн. Үүнээс манай ажлын хэсэг бүх шалгуурт нийцүүлэн шүүж үзээд 99.5 хувийн найдваржилттай Оюутолгойн хэрэгцээнд нийцсэн чанартай эрчим хүчийг нийлүүлэх техникийн нөхцөл бүрдсэн үү гэдгийг шалгасан. 

Чадахгүй компани оруулаад техникийн шийдэл нь бүтэхгүй байвал ажил тэр чигтээ нурна. Шалгарсан компани 7.9 центээр нэг киловаттын эрчим хүчийг сүлжээнд нийлүүлнэ. Сүлжээ Оюутолгойд нийлүүлнэ. Эхлээд сүлжээнд нийлүүлнэ. Бүх эрчим хүч ийм зарчмаар явдаг.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас сүлжээ худалдан авч айл өрхүүдэд шугамаараа дамжуулан түгээдэг шиг гэсэн үг. 

Яагаад аукцион явуулсан бэ гэхээр Монгол Улс богино хугацаанд эх үүсвэрвэй болох хэрэгтэй байна. Мөн 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нийт хүчин чадлын 30 хувьд хүргэх зорилт бий. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай.

Оюу толгой компани ч дотоодоос эрчим хүч ашиглах бодлого баримталж байгаа. Бид энэ боломжийг ашиглан 2029 оноос өмнө шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж, одоо 100 хувь импортоос хамааралтай байгаа Оюу толгойн эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг дотоодын эх үүсвэрээс хангах зорилготой.

Одоогоор жил бүр эрчим хүчний импортод ойролцоогоор 140 сая ам.доллар зарцуулж байна. Үүний тодорхой хэсгийг дотооддоо үлдээх нь эдийн засгийн ач холбогдолтой. Үүний хамгийн төгс шийдэл бол цаг алдалгүй аукцион зарлаад сэргээгдэх эрчим хүчийг барих ёстой. Аукцион амжилттай болсон. Асуудал гарахгүй. Маш богино хугацаанд 100 хувь хараат байгаа асуудлыг шийдэх ёстой. 

-Үүнийг дагаж гарсан шүүмжлэлүүд нэлээдгүй байсан. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танай яамыг "Албаар ашиггүй ажил өрнүүлж байна. Тавантолгойн станцыг зориудаар гацааж байна" гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-М.Энхцэцэг гишүүний хэлсэн зарим зүйлийг ойлгохгүй байна. Улс төрийн зорилго байлгүй дээ. Ор үндэслэлгүй, мэргэжлийн шаардлага хангахгүй зүйлсийг гүтгэлгийн чанартай яриад байгаа юм. Эхнээс нь ярьвал, Тавантолгойн цахилгаан станцыг барих байсан бол яагаад 10 гаруй жил таг гацав.  Тавантолгойн цахилгаан станцыг Монгол Улс даяар 2011-2025 оны хооронд барих гэж үзсэн. Юу ч бүтээгүй. Хоорондоо маргалдаж байгаад таарсан.

Тавантолгойд ашиг хийхийн тулд булаалдсаар байгаад чадаагүй. Жишээ хэлэхэд, Эрчим хүчний яаман дээр өмнөх үед өгчихсөн нийт дөрвөн гигабайтын цахилгаан станц барих зөвшөөрөл олгогдчихсон, гэрээгээ хийчихсэн байна. Монгол Улсын одоогийн хэрэглээнээс хоёр дахин их гэсэн үг.

Зөвшөөрөл авсан байгууллагууд гэрээний дагуу станцаа барьж болох байсан. Барьчих юм бол одоогийн  хүчин чадлаас хоёр дахин шинэ хүчин чадалтай болно. Үүнээс 2.7 гигабайт нь нүүрсний станцуудад зориулж болох байсан.

Яагаад одоо болтол нүүрсний станцууд баригдахгүй байна вэ гэхээр хөрөнгө оруулалтаа олж чадахгүй байгаа юм.

Тэгэхэд бид Тавантолгойн станцыг барина гэж бодоод хүлээх нь Монгол Улсад яав ч ашиггүй байгаа юм. Нэгдүгээрт, үүнийг бид барьж чадахгүй байх магадлалтай. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт олж чадахгүй байх вий дээ. Гуравдугаарт, өмнө нь үзсэн жишээ буюу 15 жил бид үүнийг чадаагүй. Гэхдээ ингэлээ гээд Тавантолгойн станцыг зогсооно гэсэн үг биш шүү. Зэрэгцээд явах л ёстой. Хүлээх ёсгүй гэсэн санааг хэлж байгаа юм.

-Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг үйлдвэрлэлд тохиромжгүй. Наргүй үед цахилгаан үйлдвэрлэх боломжгүй гээд байгаа. Тэгэхээр Оюу толгойн гүний уурхай шиг тасралтгүй эрчим хүч шаарддаг хэрэглэгчийн хэрэгцээг хэрхэн хангах вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нар, салхины нөхцөлөөс шалтгаалсан үйлдвэрлэлийн хэлбэлзэл байдаг нь үнэн. Гэхдээ үүнийг зохицуулах техникийн шийдлүүд бий.

Тухайлбал, эрчим хүч хуримтлуулах систем, нөөц эх үүсвэр болон импортын цахилгаан эрчим хүчийг ашиглан найдвартай ажиллагааг хангах боломжтой. Энэ бүхнийг тооцож, шаардлагатай техникийн шийдлийг боловсруулсан учраас төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

Дуудлага худалдаанд оролцохоор хүсэлт ирүүлсэн 10 компаниас тав нь материалаа өгч, тэдгээрээс хоёр компани эцсийн шатанд шалгарсан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зөвхөн үнэ хаялцахаас гадна техникийн шийдэл, найдвартай ажиллагааны шаардлагыг урьдчилан шалгасан.

Цаашид ч горимын тооцоо, холболтын нөхцөл, диспетчерийн удирдлага, зохицуулалт зэргийг нарийвчлан боловсруулна. Иймээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл хэлбэлздэг гэдгээр нь төслийн найдвартай ажиллагаанд эргэлзэх шаардлагагүй.

-Дуудлага худалдаагаар эрчим хүч нийлүүлэх үнэ бага тогтоогдсон нь эрчим хүчний системийг алдагдалд оруулах эрсдэлтэй гэж шүүмжилж байгаа. Үнэхээр эдийн засгийн хувьд ашигтай төсөл мөн үү?

-Энэ бол алдагдалд оруулах биш, харин эрчим хүчний системд ашиг авчрах төсөл юм.

Бид 2030 оноос эхлэн энэ төслөөр дамжуулан жил бүр хамгийн багадаа 40 сая ам.доллар буюу 130-140 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоотой байгаа. Дуудлага худалдаагаар нэг киловатт цагийг 7.9 центээр худалдан авч, Оюу толгойд гэрээнд заасан үнээр нийлүүлнэ. Энэ хоёр үнийн зөрүүнээс бий болох орлого эрчим хүчний системд үлдэнэ.

Энэ нь эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвөөс авдаг татаасын хэмжээг бууруулахад чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, зарим хэрэглэгчид эрчим хүчийг өртгөөс нь өндөр үнээр нийлүүлж, олсон орлогоороо бусад хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэнэ.

Тиймээс энэ төслийг аль болох хурдан хэрэгжүүлэх шаардлагатай. Оюу толгой төдийгүй цаашид бий болох бусад томоохон хэрэглэгчдийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангах бодлого баримтлах нь зүйтэй.

– УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара таныг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хэн нэгэн хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй. Гэхдээ яг ямар үндэслэлээр, ямар үйлдлийг буруутгаж байгааг нь би ойлгохгүй байна.

Бид дуудлага худалдааг хуулийн хүрээнд, нээлттэй зохион байгуулсан. Үндэсний компани шалгарсан. Монгол Улсын эрчим хүчний систем шинэ эх үүсвэртэй болж, цаашид ашиг олох боломж бүрдэж байна. Бүх үйл явц ил тод явагдсан.

Тэгэхээр энд ямар хууль бус үйлдэл, ямар гэмт хэргийн шинжтэй асуудал байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг шүүмжилж байгаа хүмүүс эхлээд эрчим хүчний салбарын бодлого, дуудлага худалдааны зарчмыг зөв ойлгох хэрэгтэй.

Дуудлага худалдаа, тендер хоёрын хооронд томоохон ялгаа бий. Үүнийг ойлгох нь чухал.

-Таван толгойн цахилгаан станцыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалт их. Харин дуудлага худалдаагаар шалгарсан сэргээгдэх эрчим хүчний төслүүд хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжинэ. Энэ хоёрын эдийн засгийн үр ашгийг хэрхэн харьцуулж байгаа вэ?

-Тавантолгойн цахилгаан станцыг барихад асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эсвэл концессын хэлбэрээр хэрэгжүүлэхэд хөрөнгийг хэн гаргах вэ гэдэг асуудал бий. Хувийн хэвшил бүх хөрөнгийг гаргаж чадахгүй бол төсвөөс санхүүжүүлэх, эсвэл зээл авах шаардлага үүснэ.

Мөн 99.5 хувийн найдваржилттай ажиллагааг хангахын тулд нөөцийн зуух, нэмэлт блок зэрэг тоног төхөөрөмж шаардлагатай. Энэ нь хөрөнгө оруулалтын зардал болон үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний өртгийг нэмэгдүүлнэ.

Урьдчилсан тооцоогоор таван толгойн станцын нэг киловатт цаг цахилгаан эрчим хүчний үнэ 13-15 цент хүрэх боломжтой. Харин дуудлага худалдаагаар шалгарсан төслийн нийлүүлэх үнэ 7.9 цент байгаа. Энэ хоёрын хооронд эдийн засгийн томоохон ялгаа бий.

Таван толгойн станцын төслийг зогсоох шаардлагагүй. Харин түүнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой бусад эх үүсвэрийг ч барих ёстой. Цаг хугацааны хувьд бид аль нэг төслийг хүлээж суух боломжгүй байна.

–ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын айлчлалын үеэр Монголбанкны төлбөр тооцоотой холбоотой асуудлаас шалтгаалан маргаан үл ойлголцол болсон гэх мэдээлэл гарсан. Үнэхээр ийм асуудал үүссэн үү?

-Төлбөр тооцоо, санхүүжилттэй холбоотой тодорхой асуудлууд бий. Тэдгээрийг ямар сувгаар, хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. 

– Архангай аймгийн Засаг дарга УОК-ын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт халаа сэлгээ явагдаж байгаа талаар ярьсан. Тус аймагт үнэхээр ийм халаа сэлгээ хийгдсэн үү?

-Архангай аймгийн Засаг даргын оролцсон хуралд би тухайн үед байгаагүй. Гэхдээ дараа нь энэ асуудлыг шалгуулсан.

Эрдэнэт, Булганы цахилгаан дамжуулах түгээх сүлжээний Архангай дахь салбарын захирлыг өөрчлөх санал гарсан байсан. Тухайн захирал ажлын хариуцлага алдсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ.

Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтанд цаг алдалгүй хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн. Харин аймгийн Засаг дарга ямар үндэслэлээр энэ асуудлыг хөндсөнийг би сайн мэдэхгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна