ХААДСанг ЦӨЛМӨСӨН улстөрчид №1: Үеэл дүү нь 4.5 тэрбумыг зээлээд долоон жил эргүүлж төлөөгүй Ш.Раднаасэд

С.Гандэлгэр
59 минутын өмнө

Монгол Улсад хаана мөнгө, үнэгүй боломж байна тэнд төрийн өндөр албан тушаалтнууд, түүний хамаарал бүхий этгээдүүд хуу хамдаг тогтолцоо бий болоод удаж байна. Тэр дундаа Засгийн газрын  тусгай сангуудаас улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн компани зээл, тусламж, татаас авсан тохиолдол үеийн үед гарсаар ирсэн билээ.  

Энэ сарын 28-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгийг зээл, татаас, урамшуулал олгосон талаарх мэдээлэл ил болсон юм. Улмаар дараа өдөр нь ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүнийг БОХХАА-н Байнгын хорооны гишүүд зарим улстөрчид албаар сонсголын ирцийг "бойкот" хийж, хуралдуулсангүй хэмээн шүүмжилсэн.  

Тэгвэл Засгийн газрын тусгай сангуудаас  хамгийн томд тооцогддог Хөдөө аж ахуйг дэмжих санд хэн гэдэг улстөрчид "гараа дүрсэн"-ийг  цувралаар хүргэе.  

ШАТАРБАЛЫН РАДНААСЭД

Засгийн газар 2023 онд  “Шилэн” ажиллагааны хүрээнд 25 сангийнхаа мэдээллийг бүгдийг нь ил  болгоно" гэдгээ зарлаад 14 сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn цахим хуудаст байршуулсан байдаг. Эдгээрээс хамгийн будлиантай, хамгийн их хулгай орсон нь Хөдөө аж ахуйг дэмжих сан байсан бөгөөд зээлийн эргэн төлөлт 7 хувь, нийт 9000 чанаргүй зээл гаргаж, хүлээгдэж буй өр төлбөрийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн баримт ил болсон. Хамгийн ноцтой нь, нэр бүхий улстөрчдийн ураг төрөл, хамаатан садны эзэмшдэг компаниуд олон тэрбум төгрөгийн зээл аваад огт буцааж төлдөггүй нь ил болж олон нийтийг цочирдуулсан юм.    

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хамгийн том зээлдэгчдийн нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани "Арованна" ХХК тэдний нэг. "Арованна" ХХК ХААДС-гаас 4,551,165,500 төгрөгийг 2017 онд зээлсэн байна. Үүнээс хойш долоон жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь нээлттэй мэдээллийн санд бүртгэгджээ. 

Энгийн ард нь зээлээ төлөхгүй удахад дансаа хаалгаж, хууль шүүхийн байгууллагад дуудагддаг бол улс төрд "ТОМ АРТАЙ" "Арованна" шиг компани хэдэн тэрбумын зээл авсан ч долоон жилийн хугацаанд нэг төгрөг буцааж төлөлгүй "гүрийжээ". 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Арованна ХХК-тай ямар холбоотой вэ ? 

"Арованна" ХХК-ийг Д.Ганзориг гэх хүн эзэмшдэг. Д.Ганзориг нь Ш.Раднаасэдийн үеэл дүү юм. 

Сануулахад, 2018 онд ЖДҮХС-гийн асуудал дэгдэж байх үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд энэ асуудалд нэр холбогдож, дахин УИХ-д дэвших эсэх нь ч тодорхойгүй болж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн хамаарал бүхий таван компанидаа зээл авч өгөхийг оролдсон гэгддэг.  Тэдгээр компаниудаас нь “Гэрдсараа” ХХК 1.6 тэрбум, “Сэлши үүр “ХХК-д 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК нь 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. 

Харин дээрх ЖДҮХС-гаас зээлс авсан компаниуд нь бүгд "Арованна" компанийн захирал, эзэмшигч Д.Ганзоригтой холбоотой юм.

1. "Гэрд сараа" ХХК нь Д.Ганзоригийн төрсөн дүү Д.Болор-Эрдэнийн эзэмшдэг компани бөгөөд ЖДҮХС-гийн асуудал дэгдсэнээс хойш Д.Болор-Эрдэнийг компанийн бүртгэлээс хассан байдаг. 

2. Сэлши үүр ХХК нь Д.Ганзоригийн эхнэрийн дүү М.Нямхүүгийн эзэмшлийн компани бөгөөд мөн л ЖДҮХС-гийн асуудал дэгдэх үеэр бүртгэлээс нь хасагдсан байдаг.  

Ийнхүү нэгэн цагт ЖДҮХС, Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож 2024 онд ахин дэвшиж чадаагүй ч сүүлд Г.Занданшатарын Засгийн газрын үед албан тушаалд томилогдсон Ш.Раднаасэд ХААДС-г цөлмөсөн улстөрчдийн "Цээж"-ний хэдэн хүний нэг нь болж байна. 

Энэ мэт байдлаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан төрийн зээл, тусламж, сангуудыг цөлмөсөөр байгаа нь Монгол Улсын хөгжилд ч, ард иргэдийн амьдралд ч "саад" болж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна