Г.Энхтайван: Олон улсын гүйлгээнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, хэвийн явж байгаа

Х.Есү
1 цаг 20 минутын өмнө

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Олон улсын гүйлгээнд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, хэвийн явж байгаа. Ер нь арилжааны банкууд өөрсдийн олгож байгаа кредит картныхаа лимитийг өөрсдөө тогтоодог. Тэгэхээр тухайн харилцагч өөрөө арилжааны банкиндаа хандаад өөрийнхөө лимитийг өөрчлөх боломжтой. 

-Засгийн газраас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьлаа. Үүн дээр Монголбанкнаас дэмжлэг үзүүлэх боломж бололцоо байгаа юу?

-Төсвийн шинж чанартай үйл ажиллагааг төв банкнаас эрхлэхийг хуулиар хориглодог. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас 100.000 айлын орон сууцны хөтөлбөр хэлэлцэгдлээ. Гэхдээ энэ бол Засгийн газар өөрөө хувийн хэвшилтэйгээ хамтраад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. 

УИХ-ын даргаас Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад ББСБ-ын зээлтэй холбоотой хугацаатай үүрэг даалгавар өгсөн талаар хэвлэлээс харсан. Ер нь бол зээлийн хүүг бууруулах гэдэг асуудал маань дан ганц санхүүгийн зохицуулах хороо ч биш, төв банк, Засгийн газар, олон нийтэд бүгдэд нь л тулгамдаж байгаа асуудал болоод байна. 

Гэхдээ бидний зүгээс шаардлагатай хууль тогтоомжийн өөрчлөлт болон бусад зээлийн хүүд нөлөөлж байгаа макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд бууруулах арга хэмжээнүүдийг авч байна. Зээлийн хүүг механикаар хүчээр буулгах боломжгүй байна. 

-Таны бүрэн эрхийн хугацаа дууссан гэж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлж байсан. Сонгон шалгаруулалт нь хэзээ болох вэ? 

-Төв банкны тухай хуулиар Төв банкны дэд ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Миний хувьд 2020 оны 7-р сард томилогдсон. Хуулийн дагуу дараагийн дэд ерөнхийлөгчийг томилсноор бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. 

-Шатахууны асуудал дээр таныг мэдрэмжгүй хандсан гэдэг зүйлийг ярьдаг?

-Энэ бол ташаа мэдээлэл. Шатахууны төлбөр тооцоо хэвийн явж байгаа. Тооцоог ямар нэгэн хүндрэлгүй олгоод явж байгаа. Хурал дээр ОХУ талаас нэг асуудал хөндсөн. Монгол Улсын худалдаа хөгжлийн банк болон өөр нэг банк ОХУ-д байсан дансаа хаасан эсэхийг тодруулсан. Худалдаа хөгжлийн банкны хувьд 2022 онд нээсэн дансаа огт ашиглаагүй байсан учраас данс нь хаагдсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхөд ОХУ хүлээн авсан. 

Төсөвтэй холбогдуулан мөнгө хэвлэх асуудал яригдахгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна