Дайраад, яраад орох хэрэгтэй

2017/01/25

Сурвалжлагч байхдаа “Ард” кинотеатрын автобусны буудал хавьд Сэнгийн Эрдэнэ зохиолчтой байсхийгээд л таардаг сан. Нэг удаа:

-Чи эндээс хаа хүрдэг юм бэ? гэж байна.

-Аа, харих гээд л автобусанд суудаг юм. Манайх Хайлаастад.

Эрдэнэ баавай гайхаж нүдээ эргэлдүүлэн,

-Хайлааст руу эндээс суухад чинь тойруу биш үү? гэж байна.

-Багшийн дээдээс суухад хүн ихтэй, бөөн шахцалдаан болдог юм. Эндээс суувал сийрэг гэвэл (Тэр үед ажил тарах цагаар автобусанд багтаж орох гэж овоохон дажин болдог байж дээ), Эрдэнэ баавай:

-Үгүй чи одоо, залуу хүн байж шахцалдахаас айгаад наашаа алхаж байдаг. Шууд л дайраад, яраад л орох хэрэгтэй шүү дээ хэмээн шоолох, хошигнох хослуулан хэлээд инээж билээ.

1994 оны намар Эрдэнэ баавай Ардын уран зохиолч цол хүртлээ. Ц.Дамдинсүрэнгээс хойш хоёр дахь Ардын зохиолч төрж байгаа нь тэр. Гэр рүү нь утасдаад “Ардын эрх” сонинд яриа өгөөч гэж гуйвал, 

-Өнөөдөр хөл ихтэй байна. Маргааш эртхэн хүрээд ир гэсэн тул, маргааш нь Баянхонгорт үйлдвэрлэдэг байсан “Занабазар” хэмээх сархад бариад очлоо. Яг тэрүүхэн үедээ бол маш сайн шүүлттэй, тун цэвэрхэн архи байсан юм.

-Таны романтай адилхан нэртэй шүү! гэвэл, эргүүлж тойруулан жаал харснаа, шилэн хаалгатай, номын, том хүрэн шүүгээндээ тавьчихав. Галын өрөө рүүгээ явж хугас архи авчраад хоёр хундаганд хийчихээд л ярилаа даа. “Чи өөрөө эвийг нь олоод биччихээрэй. Би хамаа намаагүй л ярина” гэж байна. Би 90 минутын ганц хуурцагтай очсноо барчихлаа. Гайтай нь, яг хуурцаггүй болсноос хойш хамгийн сайхан зүйлс ярьсан юм даг. Тэр бүхнээс хальт мульт тэмдэглэсээр тэднийд зочид ирэхэд л аргагүй яриагаа дуусгаж билээ. Гарахад минь “Хойд насандаа учирна” роман дээрээ гарын үсгээ таталгаж дурсгаад үдэв. Мөнөөх ярилцлага “Эрхэм цол хүртсэний нь дараа” гэсэн хөмсөгтэй “Ерээд оныхон бидний үеийг санагдуулдаг” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн сэн.

Түүнээс гурав дөрвөн жилийн дараа нэг таараад, 

-За, хөгшнөөс би “Всем смертям назло” гээд л, залуугаас чи “Всем мудакам назло” гээд л уран зохиолын хүрээний маргаан таригчид болцгоох шив? хэмээхэд нь:

-Та л өөрөө залуу хүн дайраад яраад орох хэрэгтэй гээ биз дээ? гээд дээхнэ “Ард” кинотеатрын автобусны буудал дээр хэлсэн үгийг нь дурссан юм.

-Өө, би тэгж хэлсэн үү? Уг нь ч зөв л юм хэлж дээ гээд ихэд хөгжүүн инээсэн сэн.

Зохиолч Г.Аюурзана



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна