МИНИЙ МЭДЭХ Б.ГАНГААМАА
Уулчин Гангаамааг хэр мэдэх вэ гэж би өөрөөсөө асуулаа. Тийм ээ би танина л даа. Би байтугай бүх монголчууд түүнийг бараг л танина гэх байхаа. Гэхдээ зөвхөн нэрийг нь мэдэх нэг хэсэг байгаа болов уу. Тэдэнд зориулж энэ бүсгүйн тухай бүр сайн мэдэхсэн. Тэгээд уншигчдадаа нэг олигтойхон тэмдэглэл уншуулахсан гэж зорьсон юм. Сэтгүүлчийнхээ хувьд. Түүнтэй бүр зорьж уулзлаа саяхан. “Монголиа экспедешн” гэдэг компанид уулчны guide буюу хөтөчөөр ажилладаг юм байна. Энэ бол жирийн нэг албан хаагч мэт. Өөрөө ч ингэж танилцуулсан. Харин үг, ярианых нь өнгө нэг л өөр. Ухаалаг хэрсүү юм бүхнийг бодож, оюун ухаандаа гойд тунгаадаг болов уу гэхээр. Хэлсэн үг бүхэн нь олзуурхмаар тийм л эмэгтэй байна. Ухаан нь задарч, хэл яриа нь эвлэчихсэн тийм л. Ороо морь сүргээсээ цойлон гарах шиг олзуурхам үгс түүнээс л сонслоо. Аргагүй ч юм даа. Дэлхийг хэрж хэнээс ч илүү урт бөгөөд адармаатай бас хэцүүхэн замыг туулж амжсан түүнийг хорвоотой танилцсан хүн гэж хэлэхэд болохоор. Энэ багахан биендээ баймгүй эр зориг, эрэмгий чадал нь өөрт нь үнэхээр зохьсон мэт. -Чи уулын спортоос юуг олж авсан бэ гэсэн асуултад маань тэр хариулахдаа: -Ер нь их юм бий дээ. Уулчин хүн алддаг ч, олдог ч, тэгвэл надад олсон нь ихээ. Тэрнийг ямар ч их алт эрдэнэсээр, мөнгө төгрөгөөр хэмжишгүй юм. Зориг, тэвчээр асар их хатуужлыг би уулнаас авсан даа. Бас үүнтэй дагалдаад хүмүүжил, хүн чанар гэдэг тодорхой хэмжигдэхүүнгүй нандин юмыг олсон. Миний бодлоор хүн тэмцэж сурах учиртайг мөн л энэ спортын хүчээр мэдэрсэн. Уулчин хүний нэг алхах, нэг зөв гишгэлт л тэмцэл байдаг юм шүү дээ. Тэгээд энэ бүхний нийлбэр нь эх сайхан байгаль дэлхийгээ хайрлах ухаан гэж байна билээ. Үүнээс л Гангаамааг тун ухаалаг хүн гэдгийг мэдэж болох санагдав. Хүн өөрөө аливаад тууштай байж гэмээнэ амжилт олдог. Тэгвэл уулчин гэдэг замыг нэгэнт сонгож авсан тэр амьдралдаа тун үнэнч явж өдий хүрчээ. Бараг гучаад жил нэг зам мөрөөсөө гажсангүй ээ тэр. Үг бүрээс нь эрч хүч мэдрэгдэх тэмдэглэлийн баатар маань бүсгүй хүнд ахадсан амьдралын замыг сонгосон нь бас анхаарал татам. Хэрэв жирийн амьдралаар амьдарсан бол Гангаамаа олондоо танигдан алдаршиж, Монголоор тогтохгүй дэлхий мэдэхээр нэгэн байх ч үү, үгүй ч үү. Гангаамааг дэлхийн таван тивд мэднэ. Тив бүхний хөрс шороонд тэндхийн оргил уулнаа түүний гишгэсэн мөр бий. Харин амьдралын хамгийн нандин утга учрыг илэрхийлэгч хайр дурлалын амт шимтийг тэр мэдрээгүй. Эр хүний халамжтай сайхан тэврэлт, эх хүн болж үрийн зулай үнэрлэх гээд бүсгүй хүний ховор заяаг тэр тэвчсэн. Бүр хойш тавьсан л яваа. Бүсгүйн заяа гэж бий. Тэгэхээр тэр өөрийгөө зарим талаар золиослосон гэж хэлмээр. Гэтэл Гангаамаа дийлдэшгүй хаттай, уулчин гэдэг сонгосон замдаа үнэнчийнхээ баталгаа болгож -Миний л сонголт шүү дээ. Зорьсондоо хүрсний хойно болох асуудал гэж ерөнхий хариулдаг юм билээ. Тэгэхээр түүнтэй зөвхөн л уул хангай түүнд татагдсан сэтгэл зүрхний нь үгийг сонсохын тулд л ярилцах нь зөв юм байна гэж ойлгов. Уулын зам бартаатай гэдэг. Тэгвэл Гангаамаагийн туулж ирсэн зам амаргүй л байж таарна биз ээ. Тийм болохоор уулчин бүсгүйн амьдралын зам уул өөд дандаа сөрж урссан гэж хэлэх байна.
МАРЧИН ОВГИЙНХНЫ УДАМ Б.ГАНГААМАА
Түүний аав З.Бадамгарав, ижий Д.Долгор нар Завхан аймгийн Их-Уул сумынх. Бүр тодруулбал тэр сумын Хонгор багийн хүмүүс. Аав нь айлын ганц хүү. Насаараа аж ахуйн ажил хийж сампин цохиж, тоо бодож амьдарсан нэгэн. Тийм болоод тэр болов уу. Өнөөдөр, маргааш юу хийх бүтээхээ сампингийн эрхэнд найдаж амьдарсан хүн гэж ч болохоор. Алдаа гаргаж яваагүй нэгэн. Нутгийнхан нь тэрнийг нь үнэлсэн хэрэг байх. Тоочин Бадамгарав гэдэг байж. Тэгвэл ижий нь эхээс хоёулхнаа юм. Ах нь цэрэгт яваад эргэж харьсангүй. Тэгэхээр бас ганцаар гэсэнтэй адил. Ийм хоёр нийлж амьдраад 11 хүүхэд төрүүлсэн нь харин гайхмаар. Энэ тухай аавынх нь ижий -Ганц хүү маань ийм олон боллоо гэж бахархаж байсан гэдэг. Тэр 11 хүүхдийн долоо дахь нь Гангаамаа. Битүү эргэн тойрон нь уулсаар хүрээлэгдсэн дурдан шиг цэнхэр салхитай Идрийн голын хөвөөнд тоглож өссөн тэр багаасаа л бие дааж сурсан гэх. Эр хүн шиг эрэлхэг, зориг тэвчээртэй занг эмэг эхээсээ л олж авсан гэж хэлдэг юм билээ. Яагаад гэвэл Бадамгарав гуай 11 хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн ижийгийн гар дээр өсгөсөн гэх. Түүний нэг нь Гангаамаа аж. Тэгэхээр эмэг эх Нанзад нь залуудаа ихээхэн зовлон үзсэн болоод ч тэрүү жаахан чанга хатуу гэхдээ их ухаалаг хүн байж. Түүнлүгээ хүү, охин хоёрыг алс нь сэтгэлийн хаттай амьдрахад бэлдсэн болов уу. Тэхдээ хатуу хүнээс зөөлөн ухаан гардаг гэдэг. Энэ жишээг Гангаамаагийн эмэг эх Нанзадаас харж болом. Тэр нөхрөө бие барахад туйлын том буян үйлдсэн гэнэм. Их буян нь гэвэл авга ах Бат маарамбын удирдлага дор Хуягтын хүрээнээс гайхамшигт Ганжуур, Данжуур хөлгөн их судрыг бүрэн эхээр нь 12 тэмээнд ачуулан ирж Бургастайн булан гэдэг газар хоёр гэр бариулан бүтэн сар ном хуруулж байсан түүх байдаг гэнэ. Энэ тухай нийтлэлийн баатар маань ярьсан. Гангаамаа угаас түүх, нийгмийн ухааны хичээлд сонирхолтой байсан болохоор удам судраа нэлээд судалжээ. Тэхдээ бүр эрт үеэс нь хэлэх юм билээ. Марчингууд хэмээх нэгэн овгийнхон 1780-аад оны үед Далай Чойнхор вангийн хошууны Паалан хочит Цэдэв гэгчээс хойших есөн үеийнхээ түүхийг Гангаамаа гадарлах болж. Мөнөөх Цэдэвийнх удам залгах хоёр хүүдээ Аминдиваа, Махдиваа гэдэг нэр хайрлаж. Түүний Аминдиваа гэдэг нь Цэрэнбалжир, Ренбал, Цэрэн гэх гурван хүүтэй байж гээд л барин тавим нэр усаар нь удмын түүх хүүрнэх юм. Тэгсээр өвөг эцэг Зандраатайгаа “золгуулж” байна. Өвөг эцгээ манай удмын их гавьяатай хүн гэх юм билээ. Түүний цэргийн алба хааж байсан байшинтын дивизэд дайснууд хорон санаагаар худгийг хордуулснаас хэдэн зуун цэрэг амиа алдсан гэж гашуун түүх 1930-аад оных аж. Энэ түүх манай Марчин удмынхны зүрх сэтгэлд одоо ч байдаг. Эр зоригтой эрдэм чадалтай өвгө дээдсээрээ бид бахархдаг гэж Гангаамаа хэлж байналээ. Тэгвэл тэр Зандраагийн удам залгасан ганц хүү нь Гангаамаагийн аав Бадамгарав юм билээ л. Гангаамаа аав, ижийнхээ амьдралын түүхийг бүр нарийн мэднэ.
Аав 25, ижий 16-тай байхдаа гэр бүл болсон гээд л... Тийм ээ. Эндээс л өнөөгийн уулчин Гангаамаагийн өвөрмөцхөн амьдралын түүх эхэлж байгаа юм чинь дээ. Гангаамаа охин анх Их-Уулын сургуульд орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэлд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн байна. Тэгээд ЗХУ-д нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар конкурст орсон ч яг урдуураа улаан шугам татуулж. Дараа жил конкурст даагаа нэхэх боломж байсан ч тэр үед хоёр салаа зам Гангаамаагийн өмнө байв. Нэг нь конкурст орох, нөгөө нь уулын спортыг сонгож Хархираагийн оргилд авирах. Тэгээд л Гангаамаа уулчин болох зам сонгож дээ. Аравдугаар ангид байхдаа уулчдын дунд багтан явж нутгийнхаа шүтээн уул Отгонтэнгэрт авчирсан нь энд нөлөөлсөн юм байж. Ингээд л Гангаамаа уул хоёрын нөхөрлөл эхэлжээ. Түүнээс хойш 27 жил улирч мэргэжлийн уулчин болсон юм. Энэ хугацаанд Анагаах ухааны дунд сургуульд суралцаж микробиологич мэргэжил эзэмшиж. Энэ мэргэжлээр ердөө долоон жил ажиллаад нэг л өдөр алба ажлаа “баяртай” гэсэн байгаа юм. Тэгвэл өнөөдөр Гангаамаа уулчин миний мэргэжил, ажил амьдрал маань болсон гэж хэлдэг. Энэ миний сонголт зөв байсан юм шүү гэсний нь баталгаа гэж болно. Ингээд уулын спортын гавьяат тамирчин, дэлхийн долоон оргилд авирсан Монголын анхны уулчин эмэгтэй Бадамгаравын Гангаамаагийн амьдралын дараагийн нэгэн тойрог эхэлж байгаа юм.
ШАНТРАШГҮЙГЭЭР ЗОРЬСОНДОО ХҮРЭХ УУЛЧИН Б.ГАНГААМАА
Хүнд аав, ижийгийн хэлсэн үг хууль мэт үйлчлэх ёстой гэдэг. Тэгвэл хүсэл зорилгодоо үнэнч явсан болохоор Б.Гангаамаад тэр хамаагүй өдий хүрч л дээ. Ажил хийвэл заавал дуусгаж бай гэсэн аавынх нь үг харин зөв чиг шугам нь байсан гэж болохоор. Эх хүн охин үрдээ амь байдгийн учир ижий нь түүнийг хоёр, гурван уулын оргилд авираад ирсний дараа “Одоо болоо юм биш үү. Охин минь амьдралаа боддоо” гэж хэлсэн удаатай. Тэгэвч сүүлдээ нэг зорилго байгаа юм байна гэж ойлгосон биз. Дээр хэлснээ дахиж давтсангүй. Харин ч нэг удаа авиралт нь бүтэлгүйтээд буцаж ирэхэд нь “Юманд явахдаа үр дүнтэй явах нь яасан юм” гэж зэмлэнгүй байсан гэнэ билээ. Б.Гангаамаад уул бол өөрийнх нь хувь заяаны холбоос гэж болно. Энэ тухайд ярихад уулчин бүсгүй үгээ ёстой харамлахгүй дээ. Онигордуу нүд нь чинээгээрээ гялалзаад л үг нь элбэгхэн устай булаг шиг ундраад ирнэ. -Би дэлхийн зулай, өлмий хоёрын дунд амьдарч явна гэж тэр хэлсэн. Нээрээ л тийм юм. Дэлхийн зулай гэдэг нь энэ гаригийн хамгийн өндөр оргил Эверест (8848 метр). Энэ ууланд байх домог болон яригддаг Дэнзэн Норгойн замаар явж оргилд нь хүрсэн Монголын анхны эмэгтэй уулчин Гангаамаа л даа. Тэгвэл өлмий гээд байгаа нь Антрактид тивд орших Винсон Массиф хэмээх (4897) метр өндөр оргилд оны өмнө амжилттай авираад ирсэн. Энэ тухай үг л дээ. Гангаамаагийн уулын тухай бодол тун сонирхолтой. Тэр -Уул амьтай. Хардаг бас сонсдог. Хайрхан уулс оргилдоо гаргах хүнээ л гаргадаг. Гаргахгүйгээ гаргадаггүй гэдэг. Энэ бол дэмий үг биш. Үнэн шүү. Уул миний тухай юу ярьж юу бодож байнав гэж сонсдог. Бас тухайн хүний байдал төрхийг хардаг нүдтэй. Дараа нь тэр уул тухайн хүнийг гадна, дотногүй ойлгоод тэргүүн дээрээ гаргах “эрх олгож” байгаа юм. Тэгснээр тэр уулын зулай дээр хэдхэн минут зогсох эрхийг уулчин хүн эдэлдэг. Тэрнээс биш уулыг сөхрүүлж ялж дийлээд дээр нь гарчихаж байгаа юм бишээ гэж ярив. Бас өндөр, нам гэлтгүй уул бүхэн авирахад бэрхшээлтэй. Тийм болохоор авиралт бүхнээсээ шинэ зүйл сурдаг, ухаарал авдаг. Тэгэхээр уул миний багш. Авирч гарсан оргил бүхэндээ хайртай байдаг. Сая долоо дахь оргилдоо авирч ирээд жаахан омогшихдоо “Би дэлхийг хураалаа” гэж ам алдсан. Сүүлд нь энэ маань алдаа юм шиг санагдсан гэх нь бас түүний үг. Уулчин Б.Гангаамаа дэлхийн таван тивийн долоон ноён оргилд авирсан. Тэр дотор дэлхийн дээвэр Эвереэстэд нэг удаа авираад бүтэлгүйтсэн ч дараа жил нь дахин ганцаараа зорьж очоод амжилттай гарсан. Энэ нь түүний мятрашгүй эр зоригийн илэрхийлэл гэж болно. Басхүү олимпийн алтан медальтай харьцуулшгүй амжилт гэж хэлэхэд буруудамгүй юм даа. Долоо, найман мянган метрээс дээших авиралтыг үхлийн бүс хэмээн нэрлэдэг байх юм. Тэгвэл Эверест чинь 8848 метр өндөр. Томоохон нисэх онгоц л ийм өндөрт нисдэг гээд бод доо. Уулын авиралтыг эрсдэл сүүдэр шиг дагадаг гэдэг. Өгсөх, буух алин ч ялгаагүй. Гишгэсэн чулуу, цас мөс бүхнээ дахин гишгэж шалгах учир бий. Яагаад гэхээр ууланд авирхад хоёр дахь алдаа гэж байдаггүй нь хэцүү. Нэг л алдах юм бол амь насаа алдана. Тэгэхээр үхэл сөрсөн амьдрал зөвхөн уулчных гэж болно. Басхүү уулчин хүнд айдас гэж юм байх учиргүй. Айдсаа бүр эрт орхисон байх ёстой л гэх. Нэгэнт уулнаа авирч эхэлсэн бол айхаа март гэсэн уриа бий. Бас уулын спортыг харгис хатуу гэдэг. Тэр ч үнэн болов уу. Хэт өндөр буюу үхлийн бүс рүү орох гэж байгаа бол сайн бод, шийд гэдэг байх юм. Яагаад гэвэл тэнд үхэл, амьдралын зааг үйлчилж байгаа хэрэг. Үхлийн бүс рүү нэвтэрсний хойно эрсдэл учрахад хэн нэгэн туслах болов уу гэж санахын ч хэрэггүй. Уулчин бүр өөр өөрийгөө л авч гарах, хажууд нэг нь эндлээ гэхэд түүнд туслах гэж санах нь бас илүүц. Ингээд бодохоор уулчин хүн амь насаараа дэнчин тавьж амьдардаг гэж хэлж болно. Б.Гангаамааг 2003 онд дэлхий нийтэд “Алуурчин уул” гэдэг нэрээрээ алдартай 8047 метр өндөртэй Броуд Пик оргилд авирахад өөрийнх нь багийн гурван уулчин яг нүдний нь өмнө амь эрсэдсэн гэнэ билээ л. Үүнийг хараад өөрийнх нь зориг мохож, шантраагүйгээ тэр ярьж байсан. Цаанаа туслахсан гэсэн хүн чанар нь чангаавч наана нь уулын спортын болохгүй ээ гэсэн дархан бөгөөд хатуу хууль зогсож байгаа болохоор яалтайв дээ. Уулчин бүсгүй хэт өндрийн тухай лекц уншиж байхыг мэднэ. Тэрнээс нь сонирхуулбал далайн түвшнээс дээш 5000 метрээс дээш гарахад л уулчин хүний бие организмд өөрчлөлт мэдрэгддэг. Энгийн бидэнд бол 3000-4000 метрт л сандрал ирнэ. Яагаад вэ гэвэл тэр хэт өндөрт чинь хүчилтөрөгч хомс болохоор амьд организм амьдрах нөхцөл байхгүй гэсэн үг. Энэ үед уулчин хүнд нэг бол үх, эс бол амжилт гарга гэсэн зарчим үйлчилдэг байх юм. Манай дэлхий дээр үхлийн бүсэд оргилтой 8000-аас дээш өндөр 14 уул бүртгэлтэй байдаг аж. Б.Гангаамаагийн хамгийн сүүлд амжилттай авираад ирсэн Винсон Массиф хэдийгээр 4897-хон метр өндөр ч гэлээ авирахад тун бэрхшээлтэй уулын нэг гэнэ. Мөсөн тивд байдаг уул болохоор чулуу, шороотой халцгай газар гэж байхгүй цас, мөсөөр хучмал аж. Авиралтын алхам бүр нь Эверестийнхээс хүнд байсан гэж байналээ. Мөн хүйтэн мөртлөө хув хуурай, чийгшил нойль байдаг юм байна гэж байсан.
Б.ГАНГААМАА: ДОЛООН ОРГИЛ МИНИЙ “ЭЦСИЙН ЗОГСООЛ” БИШ
1. 2010 онд Европ тивийн ноён оргирл Эльбрус /5642 метр өндөр/
2. 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848/
3. 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895/
4. 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194/
5. 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962/
6. 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884/
7. 2016 онд Антарктид Винсон Массиф ноён оргил /4897/ Дэлхийн долоон ноён оргилд гарсан амжилтаараа Б.Гангаамаа уулын спортын нэгэн дээд амжилт “The first Mongolian seven summiter” хэмээх алдрыг хүртээд байна. Хөндлөнгөөс бодоход “одоо болноо” гэхээр.
Гэвч уулчин бүсгүйд бас илүү зорилго бий бололтойдог шүү. -Та амжилтынхаа оргилд хүрсэн үү? гэж асуухад -Надад бодсон юм их бий. Энэ биеийн чадал чансаа барагдах болоогүй учир уулын спортоос “зодог тайлах”-ыг хараахан бодоогүй явна гэж байх юм. Дахиад авирах нь ээ гэж ойлгосон шүү. Хэдэн ч оргилд гарч болно. Алс нь тодорхой нэг амжилтад хүрээд уулчны замналдаа цэг тавих нь мэдээж. Тэр цагт “Би юу хийсэн байх вэ” гэж л бодож байна. Наад зах нь нэг томоохон ном бичих төлөвлөгөө бий. Харин одоогоор тэрэндээ бодол төвлөрөх болоогүй янзтай хэмээн ярьсаан тэр. Хэн нэгэн үзэж дуулаагүй чихтэй бүхэнд сонсгомоор, нүдтэй бүхэнд харуулмаар сонин сайхан юм Б.Гангаамаад олон бий. Эверестийн оргилд гарах агшинд өдөр, шөнө хоёрыг зэрэг харсан байх юм. Оргилын нэг талд өдөр, нөгөө тал руугаа харахад шөнө гэсэн үг. Тэнд очсон уулчин бүр Гангаамаа шиг ажиглаагүй юм уу энэ тухай ярьдаггүй юм билээ. Тэгвэл Антрактидын Винсон Массиф уулын оргилд хэзээ ч нар шингэдэггүй буюу шөнө болдоггүйг мэдэрчээ. Ер нь Антрактид тивийн сонин гэвэл бүх юм хуурай, ямар ч чийггүй, цас мөс хайлна, хайлмагтана гэсэн ойлголт байдаггүйгээс ургамал ногоо огтоос ургадаггүй тийм л онцлогтой. Энэ тухай Б.Гангаамаагийн дэвтэрт судлаачийн дайтай тэмдэглэл үлджээ. Басхүү түүний нэг сонирхол нь шатар тоглох, сонгодог хөгжим сонсох. Хобби гэвэл хөргөгчийн наалтын цуглуулга. Үүнийгээ хэчнээн ч улс оронд хэдэн хотод очив гэдгээ мэдэхэд тустай гэсэн юм. Бадамгаравын Гангаамаагийн ертөнцөөр өнгөцхөн аялахад ийм нэгэн гэгээлэг дүр зураг бууж байна. Өвөрмөц бүхнийг багтаасан амьдралтай чухал хүн юм аа тэр.
Д.Цэрэннадмид
Сэтгэгдэл бичигдээгүй байна