Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос нэгэн мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлдээ, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өвлийн морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг Ерөнхий сайдад хоёрдугаар сарын 17-нд хүргүүлсэн. Гэтэл 22-нд Засгийн газрын шийдвэр гарсан. Улмаар шүүхийн шийдвэрээр өвлийн уралдаануудыг түдгэлзүүлээд байхад уралдаан зохион байгуулсанд ХЭҮК маш их харамсч байна. Уг нь ХЭҮК морины уралдаанд хяналт тавих байсан боловч Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүлээн авна гэж бодоод очоогүй.
Энэ сарын 6-9-нд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 30 дугаар ээлжит хуралд оролцож байгаа. Энэ үеэрээ хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг арга хэмжээнд оролцоно гэжээ. ХЭҮК-ийн энэ мэдэгдлийг чухам аль талаас нь юу гэж “унших” вэ гэдгээ нэг л ойлгосонгүй. Ороон даяар хэд хэдэн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн “Дүнжингарав-2017” уралдааныг энэ комиссынхон болохгүй байх гэж найдсаар өнгөрөөсөн гэжээ. Энэ уралдааны үеэр долоон хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.Зүй нь тэд тэнд очоод ийм осол аваар гаргахгүй байх талаар хяналт тавин, зөвлөмж өгч, гарсан ч хууль журмын дагуу хариуцлага яриад ажиллаж байх учиртай. Үнэн хэрэгтээ энэ үүргийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан л гүйцэтгэсэн.
Дээрээс нь мэдэгдэлд дурдсанчлан Ж.Бямбадорж дарга Монголд болсон уралдааны талаар Дэлхийн холбооны хэлэлцүүлэг дээр ярина гэжээ. Үр дүн нь юу байх вэ. Ер нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс чухам ямар үүрэг роль, дүн нөлөөтэй байгууллага юм бэ гэдгийг ярихаас аргагүйд хүрч байна. Үнэн хэрэгтээ ХЭҮК-ынхон ажиллаад хэний эрхийг яаж хамгаалав гэвэл ямар үзүүлэлт гарах бол оо. Бодитоор харагдах нь даанч бага. Гэхдээ үүнийг үгүйсгэхийн тулд баахан цаас үзүүлэх нь тодорхой. Тэр нь дандаа “онцсайн” үнэлгээтэй байх нь дамжиггүй.
Ерөөс ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах, Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх үүрэгтэй. Түүнчлэн Комиссын гишүүн Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэргийн материалтай танилцах, холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
ХЭҮК гурван гишүүнтэй. Дарга нь Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жамсрангийн Бямбадорж, гишүүд нь хууль зүйн ухааны доктор, дэд профессор Пүрэвийн Оюунчимэг, Монгол Улсын гавьяат хуульч Нанзадын Ганбаяр нар юм. Энэ гурван эрхмийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангадаг. Хуульд заасны дагуу Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангах ёстой юм байна. Мөн Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Комиссын гишүүн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно гэжээ.
Комиссын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Комиссын гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно. Хуульд зааснаас бусад тохиолдолд Комиссын гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. Комиссын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно. Комиссын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, иргэд бүх талын туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Энэ мэтийн дархан эрхийг ХЭҮК-ын гишүүд эдэлдэг.
Харин дээр дурдсанчлан юу хийдэг нь үнэхээр “балархай” юм. Тиймээс өнгөрсөн хойно нь ёс төдийн мэдэгдэл гаргаж аргацаасан энэ байгууллагыг төрд ээлтэй, түмэнд хэрэггүй юм байна гэж ойлгохоос аргагүй нь ээ. Гэмт хэрэг, хүчирхийлэл, төрийн байгууллагуудын хариуцлагын золиос болсон хэчнээн хүн энэ комисст хандаж, хэд нь эрхээ хамгаалуулж дөнгөдөг бол оо. Тоо байдаг бол бодит үр дүн тэр мөн. Хэрэвзээ ХЭҮК бодитойгоор сайн ажилладаг байсан бол дөнгөж өчигдөр болж өнгөрсөн “МАРТ-8”-ны өдрөөр нүцгэн бүсгүйчүүд Төрийн ордны өмнө лоозон бариад жагсах уу. Уг нь ХЭҮК үүргээ сайн гүйцэтгэдэг бол бүсгүйчүүд тэр асуудлаа эхлээд ХЭҮК-т тавих ёстой байв.
Эх сурвалж: polit.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна