Ө.Энхтүвшин: Хонины мах авлигад авсан гээд 5.1 жилийн ял өгч байгаа чинь шударга уу?

2017/04/20
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Прокурорын тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж 78 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгыг Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулах зорилгоор шинэчлэн боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан прокурорын үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулахаар тусгасан зохицуулалтыг хасаж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан түвшинд байхаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах асуултьг хууль санаачлагч болон ажлын хэсгээс асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн: Прокурорын байгууллагын ажилтнуудын сонгон шалгаруулалтыг хэрхэн хуульд тусгаж өгсөн бэ. Зөрчлийн тухай хуулийн төсөлд зөрчлийг бүртгэх, холбогдох арга хэмжээг хянах хяналт нь прокурорт очиж байгаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль батлагдсанаар прокурорын байгууллагын орон тоонд томоохон өөрчлөлт орохгүй. Прокурорын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч хэд хэдэн асуудлыг тусгасан боловч эдийн засгийн өнөөдрийн байдалтай холбоотойгоор Засгийн газар дээр хасагдаж одоогийн нөхцөл байдлаас дордуулахгүй байхаар төсөлд тусгасан. Прокурор бол хэнээс ч хараат бус байхаар хуульд тусгасан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улстөрчид гэмт хэргийн шинж чанартай зүйл их ярьж байна. Ингээд ярьж байхад прокурор хараад хэрэг үүсгэж буруутныг тогтоогоод өгч болохгүй юу. Прокуроруудын хэлний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Үндсэн хуульд заасны дагуу буюу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хяналт тавих үүрэгтэйгээр хуульд заасан. Төрийг төлөөлөх, нийтийн эрх ашгийг хамгаалах талаар прокурорын тухай хуульд нилээд тодорхой болгож оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрүүгийн хэргийн нилээдгүй хувь нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог вэ. Ял завших асуудал гаргадаг юм биш биз. Гянданд ял эдлэж байгаа хүн бусад руу мессеж бичдэг, холбоо харилцаатай байдаг байж. Прокурорын байгууллага хорих байгууллагад хяналт тавих боломжтой байдаг уу. Прокуроруудын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулж байгаа асуудал байхгүй биз дээ.

ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан: Нийт эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн 50 орчим хувийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, 20 хувийг шүүхэд шилжүүлж байгаа. Нийгмийн баталгааны хувьд Засгийн газраас одоо байгаа нөхцөл байдлын хэмжээнд хэвээр үлдээж байгаа.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Мөрдөн байцаах алба прокурорын байгууллагад байсан нь дээр гэлцэх юм. Эрэн сурвалжлах нууц үйл ажиллагааны зохицуулалтыг хэр хийсэн бэ.  Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан боловсон хүчин бол прокурорын байгууллагын ажилтнаас өөр шалгууртай шүү.

Ажлын хэсэг: Эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхэлж хяналт тавьж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Прокурорын үүрэг хүний эрхийг хамгаалах талаасаа ямар байдаг юм бэ. Баянгол дүүргийн шүүхэд настай эмэгтэйд 5.1 жилийн ял өгөөд аваад явчихлаа. 3.6 жилийн ял анхан шатанд авсан хүнийг яг тэр зүйл заалтаар яллаад явуулчихлаа. Хонины мах авлигад авсан гээд 5.1 жилийн ял өгч байгаа чинь шударга уу?

Ажлын хэсэг: Прокурорын байгууллагын үйл ажиллагааны зарчмаас эхлээд өөрчлөлт орсон байна. Прокурор хүний эрх эрх чөлөөг хамгаалах нь гол үүрэг болсон байгаа. Прокурорын байгууллага бол зөвхөн яллах бус цагаатгадаг байгууллага.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Прокурорын байгууллагад 8 удаа нэмэлт өөрчлөлт ороод өнөөдөр шинэчилсэн найруулга орж ирж байна. Прокурорын байгууллагын хийдэг ажил, тогтолцоо нэгэнт тогтчихсон. Прокурорын байгууллага ноён нуруутай шударга ажиллаж чадаж байгаа эсэхэд хүмүүс багагүй шүүмжлэлтэй хандаж байна. Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах байгууллага байх ёстой байгууллага гэж үздэг. Гэтэл АТГ-т шилжчихсэн. Энэ тогтолцоог эргэн бодох л ёстой асуудал.

Ажлын хэсэг: Дэгийг прокурорын тухай хуулиар явуулах ёстой гэж бид үзэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Прокурор шударга байж, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Хуулийн дагуу ажиллаж чадахгүй бол сум дүүргийн прокурорыг ажлаас  нь чөлөөлдөг болох хэрэгтэй. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хуулийн сайн муу эсэх эцсийн дүнд амьдралд бүрэн нийцэж байгаа эсэхээс л хамаарна. Прокурорын байгууллага шүүхийн өмнүүр ороод л телевизээр яриад байгаа байдал засагдах уу.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Шүүхээс өмнөх шатанд прокурор яллах цагаатгах талыг яг тэнцвэртэй барих хэрэгтэй байна. Энэ бүхний учрыг олж хужрыг нь тунгаах хэрэгтэй. 
 
С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна