Т.Болормаа: “Хөдөлгөөнт оффис” алслагдсан хороодын иргэдэд хүрч үйлчилнэ

2017/04/21
Сүхбаатар дүүрэг өчигдрөөс эхлэн “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг эхлүүллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг ойртуулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь “Хөдөлгөөнт оффис” юм байна.

“Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсож, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгч, шийдэх боломжтой асуудлыг чирэгдэлгүй, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

“Хөдөлгөөнт оффис”-ын нээлт өчигдөр Сүхбаатар дүүргийн 15-р хороонд болсон. Энэ үеэр тус дүүргийн Засаг дарга Т.Болормаагаас эхлүүлсэн ажлынх нь талаар тодрууллаа.  

-“Хөдөлгөөнт оффис” санаачлагыг эхлүүлэх хэрэгцээ шаардлага юу байв?

-Манай Сүхбаатар дүүрэгт анх удаа “Хөдөлгөөнт оффис”-ын үйлчилгээг эхлүүлж байна. "Нэг цонхны үйлчилгээ"-г Сүхбаатар дүүрэг чанартай, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажилладаг. Харин алслагдсан хороодын иргэдийн хувьд “Нэг цонхны үйлчилгээ”-г авах боломж нөхцөл хангалтгүй байна. Тиймээс алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор энэхүү ажлыг санаачлан эхлүүллээ. Мөн  иргэдийнхээ санал бодол, тулгамдаж буй асуудлыг амьдарч буй  хороонд очиж сонсох, боломжтойг нь  шуурхай  шийдвэрлэх зорилгоор энэхүү  үйл ажиллагааг  санаачилсан. 



-Иргэдийн зүгээс ямар асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна вэ?

-
Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан дүүргийнхээ алслагдсан хороодын иргэдэд тулгамдаж байгаа, шийдэгдэхгүй байгаа асуудлыг нь сонсч, дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шууд шийдвэрлэхийг зорьж байгаа. Тухайлбал, газар зохион байгуулалтын асуудлыг иргэд түлхүү хөндөж байна. Энэ асуудлыг дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Харин дүүргийн чадавхи, эрх хэмжээнээс хальсан томоохон асуудлыг бид холбогдох газарт нь уламжилж, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө ажиллана. Иргэдийн зүгээс цахилгаан, газар, хог хаягдал, худаг ус, халамж үйлчилгээ зэрэг олон асуудлаар ханддаг. Сүхбаатар дүүрэг анх санаачлан хэрэгжүүлж байгаа уг “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээний жагсаалт, холбогдох бүртгэл судалгааг мөн гаргана.

“Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаанд Засаг дарга, Засаг даргын зөвлөх, орлогч нар, ЗДТГ-ын дарга, хэлтэс албадын дарга нар хуваарийн дагуу нийт 20 хороонд ажиллах бөгөөд хэлтэс албадын дарга нар сард нэг удаа, Засаг дарга улиралд нэг удаа хороодод ажиллах юм байна.



 

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна